Ойн сангийн талбай нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-18 07:53:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хийсэн "Байгаль орчны төлөв байдлын тайлан"-г  сонслоо.


Монгол орны цаг агаарын 2019-2020 оны жилийн дундаж агаарын температур 1.1-1.2 хэм буюу 1940 оноос хойш ажиглагдсан 5, 6 дахь дулаан жил болсон байна. Нийлбэр хур тунадасны хэмжээ 1940 онтой харьцуулахад 2019 онд 35 дахин хур тунадас багатай, 2020 онд 12 дахин хур тунадас ихтэй жил байжээ. Улсын хэмжээнд 2019-2020 онд цаг агаарын аюултай үзэгдэл 168, гамшигт үзэгдэл 32 удаа тохиож, нийгэм эдийн засагт 22.7 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулсан байна. Хүлэмжийн дундаж агууламж тасралтгүй нэмэгдэж, нүүрс хүчлийн хийн агууламж олон жилийн дундажтай харьцуулахад 16.5 хувиар, метаны агууламж 8.8 хувиар тус тус нэмэгдсэн. Монгол Улс Озоны үе давхаргыг хамгаалах тухай конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор хүлээсэн үүргээ биелүүлж, тайлант хугацаанд озон задалдаг бодисын импорт хэрэглээг 6.73 тонноор буурууллаа.


Ойн сангийн талбай 2020 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байгааг 2018 онтой харьцуулахад нийт талбай 15.3 мянган га-гаар, ойгоор бүрхэгдсэн талбай 59.2 мянган га-гаар тус тус нэмэгдэж, хог чанарын эзлэх хувь 8 хувь болж 0.1 хувиар өссөн болохыг Б.Бат-Эрдэнэ сайд танилцуулсан. Улсын хэмжээнд ойжуулах, ойг нөхөн сэргээх ажлыг 2019-2020 онд 12.9 мянган га талбайд, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 132.9 мянган га талбайд тус тус явуулсан байна. Тайлант онуудад 140 суманд 263 удаагийн ой хээрийн түймэр гарч, 25.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гол мөрний нийт урсац 2019-2020 онд 34-36.2 хувийн хангамжтай байж 32.8-33.3 километр куб урсац бүрэлдсэн нь олон жилийн дундаж урсацаас 1.7 куб километрээр их устай жил болсон гэв. Гадаргуун усны чанарын үнэлгээгээр нийт гол мөрөн, нуурын 92-93 хувь нь маш цэвэр, 5-6 хувь нь бага бохирдолтой, 2 хувь нь маш бохир ангилалд хамрагджээ. 2019-2020 онд гадаргын усны 1950 эх үүсвэр хатаж ширгэсэн бол 930 эх үүсвэр сэргэж, 456 булаг шандын эхийг хашиж хамгаалсан гэлээ. Тайлант хугацаанд нийт 578.2-591.0 сая метр куб ус олборлон ашиглаж, ус ашигласны төлбөрт жилд дунджаар 45-46 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.


Монгол орны ургамлын аймагт бүртгэлтэй 7725 зүйл ургамлаас тайлант хугацаанд 11.4 хувийг улаан дансны үнэлгээгээр үнэлэхэд үнэлгээнд хамрагдсан нийт ургамлын 72.5 хувь нь хүний буруутай үйл ажиллагаа буюу амьдрах орчны доройтол, байгалийн гамшигаас үүдэлтэйгээр хомсдож, хамгаалах шаардлагатай болохыг тогтоосон. Байгалийн ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, менежментийг сайжруулах зорилгоор Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байгааг дурдав.


Монгол орны амьтны аймагт 2020 оны байдлаар 141 хөхтөн зүйл, 513 зүйл шувуу, 21 мөлхөгч, 6 зүйл 2 нутагтан, 74 зүйл загас, 13 мянга гаруй зүйлийн сээр нуруугүйтэн бүртгэгдсэн нь 1999-2000 оны тооллогын дүнтэй харьцуулахад дөч хүртэл хувиар өссөн үзүүлэлт аж. Амьтдыг иргэн хувийн хэвшилд хариуцуулан хамгаалуулах замаар зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлж 2019-2020 онд 5 аймагт “Ан агнуурын менежментийн төлөвлөгөө”-г шинэчлэн баталжээ. 2020 онд хийсэн Монгол орны цөлжилтийн төлөв байдлын судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн байгаагаас 4.7 хувь нь нэн хүчтэй, 18.6 хувь нь хүчтэй, 22.1 хувь нь дунд, 31.5 хувь нь сул зэрэглэлд хамрагдаж байгааг 2010 оны судалгаатай харьцуулахад цөлжилтийн сул болон дунд зэрэглэл тус бүр 3.8 хувиар буурч, хүчтэй зэрэглэлийн нутгийн хэмжээ 11.9 хувиар өссөн байна.


Газрын нэгдмэл сангийн 2019-2020 оны ангилаар хөдөө аж ахуйн газар нь нийт нутаг дэвсгэрийн 73.4-77.9 хувь, хот, тосгон бусад суурины газар 0.6 хувь, зам, шугам сүлжээний газар 0.3 хувь, ойн сан бүхий газар 9.2-9.1 хувь, усны сан бүхий газар 0.4 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 16.7-21 хувийг тус тус эзэлж, хөдөө аж ахуйн газар 694.9 мянган га, ойн сан бүхий газар 81.1 мянган га, усны сан бүхий газар 24.9 мянган га-гаар тус тус хасагдаж, хот, тосгон бусад суурины газар 10.8 мянган га, улсын тусгай хэрэгцээний газар 790.2 мянган га-аар тус тус нэмэгдсэн аж. Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч, орхигдсон 8000 га талбайг тогтоож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудаар 1977 га талбайд нөхөн сэргээлт хийлгэн, 635 га-д биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байна.


Улаанбаатар хотын хөрсний чанарын хяналт шинжилгээний дүнгээр 2012-2020 онд хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис, элментүүд стандартын түвшинд байсныг тогтоосон байна. Аялал жуулчлалын салбарт 2019 оны байдлаар 570 мянга гаруй тур оператор, 520 зочид буудал, 526 жуулчны бааз, амралтын газар үйл ажиллагаа явуулж 577.3 мянган гадаадын жуулчдаас 607 сая ам. долларын орлого төвлөрүүлсэн бол 1 сая орчим дотоодын жуулчдаас 800 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн аж. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 2020 онд гадаад жуулчдын тоо 93 хувиар буурч, салбарын алдагдал 564 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгт хүрч, 1600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа бүрэн болон хэсэгчлэн зогсоож, 88 мянга гаруй ажлын байр алдах эрсдэлд оржээ.



Холбоотой мэдээ