Д.Золбоо: Британитай тогтоосон харилцаагаа улам хөгжүүлэх шаардлага манай улсад байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2023-01-23 07:37:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсынн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.


-Монгол, Британи хоёр улс 1963 оны нэгдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон. Энэхүү дипломат харилцаа нь барууны өндөр хөгжилтэй орнуудаас анхных гэдгээрээ тухайн үед ихэд онцгой, анхаарал татсан үйл явдал болсон байх. Мөн тэрхүү дипломат харилцаа нь манай улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц болсон гэж судлаачид үздэг юм билээ?

-Монгол, Британи хоёр улс дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд нэгэн тод өнгө нэмсэн үйл явдал мөн хэмээн түүхчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тусгаар тогтнолоо хоёр хөрш, социалист лагерийн болон гуравдагч ертөнцийн зарим нэгэн улсаар албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хамтын нийгэмлэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны гишүүн болоод байсан БНМАУ-ын хувьд Британи зэрэг өрнөдийн улсуудтай харилцах болсон нь ХХ зууны гадаад харилцааны түүхэнд гарсан томоохон дэвшил болсон юм.


Түүхэн үйл явц талаас нь харвал, Дэлхийн хоёрдугаар дайны шувтаргаар Ялтад болсон Гурван улсын хэлэлцээрийн үр дүнд Британи, АНУ “de facto” БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэх үндэслэлтэй гэж судлаачид дүгнэх болсон.


Хөршүүдээсээ даваад дэлхийн улс орнуудтай эн тэнцүү харилцаж, хүлээн зөвшөөрүүлэх эрхэм зорилго ХХ зууны эхээс, тэр дундаа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд бий болсон Олноо өргөгдсөн Монгол Улсын үеэс эхлэлтэй. Өнөөдрийн ойлголтоор бол гуравдагч хөрштэй “хөршлөхийн” учир холбогдлыг өвөг дээдэс маань мэддэг байсан гэсэн үг.


Зөвхөн бид ч гэлтгүй Британийн эзэнт гүрэн ч тодорхой хэмжээнд анхаарал хандуулж байсныг энэ оны өмнөхөн хэвлэгдсэн Британийн судлаач Сю Бөрнийн номоос үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 1935 он хүртэл нийтдээ 220 гаруй жилийн хугацаанд Британийн 70 гаруй албаны болон сайн дурын аялагчдын бичиж үлдээсэн тэмдэглэл, тайлангуудын талаар тэрхүү номоос танилцах боломжтой. Зөвхөн гэрэл зургуудаар нь академич С.Чулууны удирдсан төслийн хүрээнд хоёр боть ном гаргасан. Харамсалтай нь 1907 оны Зөвлөлт, Британийн нууц гэрээний улмаас биднийг тусгаар улс гэж үзэх боломжгүй хагас зууныг элээсэн.


1913 онд байгуулсан Монгол, Төвөдийн гэрээг ч Британийн тал тааламжтайгаар хүлээж аваагүй байдаг. Гэхдээ тэр үеийн Хүрээ, Улиастай зэрэг газруудад Британийн бүртгэлтэй олон пүүс, компаниуд худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байсан холбогдох баримт манай архивуудад олон бий. Хоёр талын харилцааны түүхэнд шашин номлогч нарын гүйцэтгэсэн үүргийг ч орхигдуулж болохгүй. Гадаад харилцааны түүхээс харахад аливаа улсуудтай харилцаж байсан түүхийг зөвхөн өнөөгийн Монгол Улсын хил хязгаараар авч үзэж боломгүй. Сибирьт олон жил сууж Библи орчуулж байсан Лондонгийн миссионерүүд, Өвөрмонголд үйл ажиллагаа явуулж байсан Христ итгэлт номлогчдын гээд арвин баялаг түүхүүд бий.


-Хүйтэн дайны уур амьсгалын нөлөөгөөр хоёр орны харилцаа эхэн үедээ төдийлөн үр дүнтэй хөгжих бололцоо хязгаарлагдмал байсан юм болов уу гэж харагддаг. Хэдийнээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхжив?

-Хоёр талын харилцааны хөгжилд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол тухайн үеийн олон улсын харилцааны өнгийг тодорхойлж байсан "хүйтэн дайн" байсан нь маргаангүй. Хэдий хязгаарлагдмал хүрээтэй байсан ч гэсэн талууд бие биетэйгээ харилцах гэсэн оролдлого байнга гарч байсан. Жишээ нь, 1966-1990 оны хооронд хоёр жил тутамд Соёлын солилцооны хөтөлбөр батлан соёлын салбарт хамтран ажиллах хүрээнд хоёр жилийн хугацаатай төлөвлөгөө гаргаад, нэг нэгнээ сурталчлах тал дээр цөөнгүй ажил зохион байгуулж байсан нь өнөөдөр архивт хадгалагдан үлдсэн байна. Түүхч хүний хувьд харамсдаг зүйл гэвэл, 1990-ээд оноос хойших Монгол Улсын гадаад харилцааны түүх, түүхэн сурвалжууд бүрэн, цогц байдлаар архивт хадгалагдах боломж багатай болсон. Өмнө нь гадаад харилцааны аливаа асуудал ГЯЯ-аар дамждаг байснаа ардчилсан тогтолцоонд шилжсэнээр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгуулал, орон нутгийн захиргаа, зарим тохиолдолд төрийн байгууллагууд хүртэл өөр өөрсдийнхөө шугамаар шууд харилцах боломжтой болсонтой холбоотой байх. Өмнөх нийгэмтэй харьцуулахад шууд утгаараа боломжгүй боловч гадаад харилцаанд холбогдох баримтуудаа яаж ийгээд архивт үлдээдэг болох юмсан гэж бодож явдаг. Ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээрээ бид олон улс орноос суралцах, туслалцаа авах боломжтой болсны дотор Британи жагсаалтын дээгүүрт бичигдэнэ. Мөн нэгэн чухал зүйл бол өнөөдрийн Британид анх очиж байсан монголчуудын үр хүүхдүүд болох шинэ үе тэнд нэгэнт байр сууриа олсон байна. Нэлээн дээр л 7 мянга орчим монголчууд байдаг гэж ярьдаг байсан. Одоо түүнээс ч нэмэгдсэн биз ээ.


-Дипломат харилцааны мэргэжилтнүүд, тэр дундаа Британитай харилцах мэргэжилтнүүдийг хэзээнээс бодлогоор бэлтгэж эхлэв. Одоогийн байдлаар хэчнээн судлаач энэ талбарт судалгаа хийж байна вэ?

-БНМАУ-ын үед гадаад харилцаа, дипломатуудаа бусад салбаруудын нэгэн адил ихэвчлэн ЗХУ-д бэлтгэдэг байсан. Англи хэлний боловсролыг дотооддоо олгож эхэлснээр Британи төдийгүй англи хэлт улс орнуудтай харилцах, утга зохиол, соёлын өвөөс шууд танилцах боломжтой болсон. 1990-ээд оноос хойш төрийн болон хувийн өмчийн сургууль бүр англи хэлний тэнхимтэй болж, гадаад харилцааны мэргэжилтнүүдээ дотооддоо бэлтгэдэг болсон онцлогтой. МУИС зэрэг сургуульд британи орон судлалаар мэргэжилтэн бэлтгэж гаргадаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Яг судлаач мэргэжлээрээ хэдэн хүн ажиллаж байгааг хэлж мэдэхгүй. Нийгмийн аливаа салбарт олон улсын туршлага, соёлын талаар авч үзсэн сүүлийн үеийн бүх сурах бичигт Британийн талаар тусгагдсан байгааг харж болно. Тэр тусмаа Брекситийн дараах Британи орны эдийн засаг, санхүүгийн өсөлт хөгжил илүү тодоор дуурсагдах биз.  


-Мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэснээр харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, ойлголцол нэмэгдэх үндэс болдог болов уу. Дипломат харилцаа тогтоосноос таван жилийн дараа буюу 1968 онд МУИС англи, франц хэлний ангиа албан ёсоор нээсэн байдаг юм билээ?

-Ойрхи түүхээс бол тэгж хэлж болно. Гэхдээ Богд хаант Монгол Улсын үеийн Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны дэргэдэх сургуульд англи хэл заах багшийг залж ирж байсан түүх бий. Монголчууд өөрсдөө Анхдугаар Үндсэн хуулийн төсөл боловсруулж эхлэхдээ Британи зэрэг хаант засаглалтай улс орнуудын Үндсэн хуулийг судалж, орчуулж байсан зэргээс харахад англи хэлний мэдлэг муугүй байсан юм болов уу гэж харагддаг. МУИС-д англи хэл анхлан заахдаа ЮНЕСКО-гийн шугамаар орос голдуу багш нар ирж байсан. Мэдээж нэг зүйлийг мартаж болохгүй. Англи хэл зөвхөн Британи Улсад хамаарахгүй учраас дэлхийн улс орнууд дахь англи хэлний боловсрол олон эх сурвалжаар санхүүжигдэж байдаг шүү дээ. Сүүлд МУИС-д оройн англи хэлний дээд курс нээхэд хамрагдсан хүмүүс хожим нь манай улс төр, бизнесийн том төлөөлөгчид болсон. Мөн Лийдсийн их сургуульд ч жил бүр оюутан илгээдэг болсныг дурдах хэрэгтэй. Британичууд олон зүйл дээр анхдагч байдгийн нэгэн жишээ нь манай төр нийгмийн зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Б.Ширэндэв гуай барууны өндөр хөгжилтэй улс орнуудын их дээд сургуулиадаас анх удаа 1970 онд Лийдсийн их сургуулийн Хүндэт доктор болж байсан байдаг. 1993 онд Алтайн уулсад бэртсэн британи уулчныг аврахад мэргэжлийн ур чадвараараа гайхагдсан монгол нисгэгч Н.Жамбалдорж гуайд Британийн гүнж Анна 1994 онд айлчлалынхаа үеэр Хатан хааны зарлигаар “Агаарт эр зориг гаргасны төлөө” тэмдгээр шагнасан.


-Британийн Засгийн газар Гадаад, хамтын нөхөрлөлийн яамнаас санхүүжүүлдэг Чевенинг тэтгэлэгт хөтөлбөрөөр монголчуудыг тус улсад суралцах тэтгэлэгт хамруулдаг. Энэхүү тэтгэлэгт манай хүүхэд залуус хэрхэн хамрагддаг юм бол. Хэдэн оноос суралцагчдаа хүлээн авч эхэлсэн бэ?


-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай дээд боловсролын салбарт тасралтгүй хэрэгжиж буй цөөхөн тэтгэлгүүдийн нэг нь Чевенинг тэтгэлэгт хөтөлбөр юм. Британийн Засгийн газрын тэтгэлгээр магистрын түвшний суралцагчдад олгодог нэр хүндтэй хөтөлбөр. Тавигддаг шаардлагууд нь цомхон, нийгмийн олон салбарыг хамарч болдгоороо илүү олон давуу талтай. Сүүлийн жилүүдэд жил бүр тогтмол арав гаруй залуус хамрагдаж байгааг харах сайхан байдаг. Манай орны залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийсэн нь ирээдүйн Монголд юугаар ч сольшгүй том дархлааг бий болгосоор байна.



-Манай улсын 1990 онд сонгосон ардчиллын замналыг Британи эхнээсээ дэмжиж ирсэн гэдэг. 1991 онд Лондон хотноо болсон “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын үеэр Британи Монгол Улсыг дэмжиж хамтран ажиллахыг бусад орнуудад уриалж байсан гэсэн баримт байна?

-Тэр баримт бичгээс Британи бусад улсууддаа Хандивлагчдын уулзаалтыг санаачлан зохион байгуулахыг уриалж, ач холбогдол өгч байсныг харж болно. Мөн Цөмийн зэвсгээс ангид байх Монгол Улсын санаачилгыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн таван улсаас Британи хамгийн түрүүнд дэмжиж байлаа. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг, хандивлагч улс орнуудын дэмжлэгийг их, багаар ярих нь асуудалтай. Британийн хувьд дэмжлэг тусламж нь Европын Холбоо болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын шугамаар чамгүй орж ирдэг байсан. Бизнесийн салбарт ч хөрөнгө оруулалтын олон санал Засгийн газрын түвшинд хүртэл дэмжигдэн яригдаж байсны нэг нь Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх дэлхийн түвшний төмөр замыг концессын гэрээгээр барьж өгөхөөр тохиролцож хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж байсан баримт бий. Одоогийнхоор бол нарийн царигийн төмөр замтай болчих боломж 30 гаруй жилийн өмнө байж шүү дээ.  


-Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд төрийн болон ажлын, хувийн гэхчлэн бүх шатны айлчлал харилцан болж өнгөрсөн. Нийт хэдэн удаагийн айлчлал аль аль шатанд болж байв?

-Нэгэн жарны хугацаанд харилцан айлчилсан тоо, статистик гарсан байгааг түүхэн судалгаануудаас харж болно. Манай талаас төрийн өндөр дээд хэмжээнд гэдэг утгаараа бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ямар нэгэн хэмжээгээр айлчилсан. Британийн талаас харин өөр. Британийн шууд ашиг сонирхол Монголд бага учраас Хатан хаан, Ерөнхий сайд нарын айлчлал өнөөг хүртэл болж байсангүй. Гадаад хэргийн сайд болон Парламентын гишүүдийн айлчлал бол чамлахааргүй олон болж байсан. Хааны гэр бүлээс гүнж Аннагийн айлчлал томд нь орох байх, мэр сэр гишүүд хунтайж нар ажил хэрэг, амин хувийн айлчлалаар ирж байжээ. Өндөр дээд хэмжээний айлчлал бүрээр харилцааны түвшинг ахиулсан гэрээ, хэлэлцээр байгуулагдсаар ирснийг бид мэднэ.


-Британи бол Монгол Улсын худалдааны 10 гол түншийн нэг төдийгүй манай гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын нэг. Хөрөнгө оруулалт татах тал дээр бид өөрсдөө хэр санаачилгатай ажиллав. Цар тахлын нөлөө сүүлийн 2-3 жилийн хугацааны энэ талын үйл явцад хэр нөлөөлөв? 

-Яг үнэндээ манай талын санаачилга гэхээсээ илүүтэйгээр бизнесийн байгууллагын оролцоо өндөр байсан гэхэд болно. Ямар ч эрүүл бизнес ашиг орлогыг чухалчилдаг. Ерөнхий сайд асан Д.Содном гуайн дуртгалд британичууд газрын тосны салбарт орж үзээд, эргэж гарахдаа хэлсэн нөхөрсөг зөвлөмжийг дурдаж үлдээсэн байдаг. Дуртгалд бичсэнээр бол "Бритиш петролиум" компанийн төлөөлөгчид Д.Содном гуайтай уулзахдаа “Монголчуудын эх орноо гэсэн чинь сэтгэлийг ойлгож мэдэрлээ. Гэхдээ олон улсын хэмжээнд томд ороод байхааргүй компаниуд танай улсаас илүү хөрөнгөтэй байдаг тул өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд зүй бусаар нөлөөлөхийг оролдож магадгүй гэдгийг санаж явахад буруудахгүй. Тэд зөвхөн өөрсдийн ашиг орлогыг тэргүүнд тавина шүү” хэмээн бичсэнийг уншиж болно. Тэрхүү зөвлөмжийнх нь үнэ цэн өнөө ч хуучраагүйг харахаар бидэнд л асуудал байх шиг.


Цар тахлын хоёр жил дэлхийн бүх улсуудын гадаад харилцаа, айлчлал тэг зогсолтын хэмжээнд хүрсэн. Одоо л эргэж хуучин хэлбэртээ орох гэж байх шиг байна. Гэхдээ эдийн засгийн эргэлт тодорхой хэмжээнд байж чадсан учраас өнөөдрийг хүртэл бид тэсэж үлдсэн байх. Манайхаас алтны экспорт голлодог учраас хоёр талын харилцаанд өндөр дүн үзүүлдэг. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий нийтээрээ алдсан он жилүүд болж үлдлээ. Гэхдээ шинжлэх ухааны хөгжлийн төвийн нэгийн хувьд Британичууд хүн төрөлхтөнд авралын од байж чадсан. Үндэстэн дамнасан том корпорацийн хувьд Рио Тинтогийн Монголын эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжилд гүйцэтгэж буй нөлөөг бусадтай харьцуулах боломжгүй. Зөвхөн бодит орлого гэлтгүйгээр Монголын залуусын мэдлэг оюун, ажлын туршлагад хийж байгаа хөрөнгө оруулалтыг хэзээ ч орхигдуулж болохгүй.


-Бид хил хязгаараа бодсон ч бүх талын харилцааг жигд авч явах боломж хомс юм шиг. Аль нэг салбарыг онцолж өөрийн орны хөгжлийн баримжаатайгаа уялдуулвал илүү оновчтой юм уу гэж бодогдож байна?

-Хамгийн түрүүнд боловсролын салбар л даа. Боловсролын хамтын ажиллагаагаа дагаад шинжлэх ухаан, техник технологийн сүүлийн үеийн ололт, туршлагаас суралцах боломж нээгдэнэ. Олон салбарт хамтарч, суралцахаар оролдож байсны нэг жишээ нь Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байсан, өнөөдөр ямар болсныг сайн мэдэхгүй байна. Ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэх гэж оролдсон, үр дүнг нь дүгнэж болох эсэхийг сайн мэдэхгүй байна.


-Өнөөдөр манай улс дэлхийн олон оронтой дипломат харилцаа тогтоогоод байна. Ерөнхий байдлаар нь харвал адил зүйл олонтой ч Британитай харилцах харилцааны онцлог тал юу вэ?

-Мэдээж хэрэг дэлхийн бүх улстай ижил түвшинд харилцана гэсэн тунхагийнхаа хүрээнд эн тэнцүү байхыг эрмэлзэвч тухайн улсаасаа шалтгаалаад харилцааны олон түвшинд хуваагддаг. Дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлогчдын нэгнийх нь хувьд Британитай идэвх санаачилгатай, харилцан ашигтай хамтран ажиллахыг улс орнууд бүгд л хичээж буй. Брекситээс өмнө Европын Холбооны далбаан дор ялгарч харагддаггүй тал байсан байж магадгүй, одоо бол илүү тодоор бичигдэх боломж нээгдэж байна.


-Хоёр орны харилцаанд төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо чамгүй хувийг эзэлдэг. Британитай харилцдаг олон нийтийн ямар байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Британийн хүүхдийг ивээх сан "Save the Children" зэрэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, хүмүүнлэгийн салбарын олон байгууллага хүнд хэцүү цаг үед манай нийгмийн зорилтот бүлгийнхэнд тусламжийн гараа сунгаж байсныг мартаж болохгүй. Өнөөдөр гэхэд Лондонгийн амьтны нийгэмлэг зэрэг байгаль хамгаалах чиглэлийн олон байгууллага зэрлэг тэмээ-хавтгай зэрэг ховор амьтдыг хамгаалах, үржүүлэх чиглэлээр маш олон ажил хийсээр байгааг харж болно. Саяхныг хүртэл зохион байгуулж байсан жижиг оврын хуучин машинаар Лондонгоос гараалж Европ, Азийн олон улс орныг дамжин Улаанбаатарт барианд ордог “Монгол Ралли” гээд сонирхолтой уралдаан байлаа. Лондонд суугаа Монгол Улсын үе үеийн Элчин сайд, ЭСЯ-ныхан эх орноо сурталчлах чиглэлээр идэвхтэй ажилласаар ирсэн. "The Hu" хамтлаг, дуурийн дуучид, тулааны урлаг зэрэг спортынхон маань эх орныхоо нэрийг британичуудад таниулахад их үүрэг гүйцэтгэсээр байна.


Өнгөрсөн зууны шилдэг улстөрчдийн нэг У.Черчиллийн оршуулгад оролцолгүй тэдний гайхшралыг төрүүлж байсан монголчууд өнгөрсөн жил хатан хааны оршуулгад Ерөнхий сайдын түвшинд оролцсон нь харилцаандаа хэрхэн ач холбогдол өгч байгаа манайхны хандлагыг харуулж байна гэж үзэж болохоор. Нэг зүйлийг сонирхуулахад, мэдээж айлын талд шууд утгаараа хамаагүй боловч бид албан хэрэгцээнд “Вант улс” гэсэн буруу тогтсон нэршлийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хэмээн зөв бичихээр журамласанд судлаач хүний хувьд ихэд баяртай байдаг. Тогтож дадсан зүйлийг өөрчлөхөд хэцүү. Гэхдээ аливаа нэршлийг тухайн эх хэлээр нь дууддагтай аль болох ойрхон бичиж, дуудах хэрэгтэй гэж боддог. Манай ГХЯ-ны ажилтны нэгэн тэмдэглэлд “... англи төлөөлөгчийн эхнэр нь нөхрийнхөө нэрийг Дуглас биш Даглас гэж дуудаж байна уу” хэмээн хэлсэн талаар тэмдэглэсэн байдаг. Иймэрхүү жишээ өнөө ч элбэг. 


-Монголчууд өдгөө Британи орон, британичуудын талаар энгийн иргэдийн түвшинд тодорхой мэдээлэл мэдлэгтэй болжээ. Гэхдээ харилцааны асуудал судлагдахууны түвшинд хэр судлагдсан байдаг юм бол?

-Судлаачийн хувьд харьцангуй өндөр түвшинд хүрсэн гэж боддог. Арван жилийн өмнө дипломат харилцаа тогтоосныхоо 50 жилийн ойг тэмдэглэх үеэр манай ШУА-ийн хүрээлэнгүүд Кембрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвтэй хамтран хагас зууны түүх, баримт бичгийг иж бүрнээр багтаасан “Тив дамнасан хөршүүд” хэмээх хоёр боть ном хэвлүүлсэн. Хоёр талын харилцааны түүх, цаашдын хөгжлийн асуудлаар ийм хэмжээний бүтээл гаргасан өөр улсын жишээ ховор. Энэ оны төгсгөлөөр манай хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улс судлал 2023” эрдэм шинжилгээний хурлаа “Монголын Британи судлал” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөн, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү хурлын үеэр Монгол дахь Британи судлалын түүх, орчин үеийн асуудал, түүнчлэн цаашдын судалгааны чиглэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Илтгэлүүдийн эмхэтгэлийг нь өмнөх хурлуудын адилаар хэвлүүлж олон нийтэд хүргэнэ. Жишээ нь, эртний монголчуудын дэлхийн газар зүйн талаар бичсэн анхны бүтээлүүдийн нэг “Замбуутивийн дэлгэр номлол”-д “...тэдгээр орон гүрэнд багтсан Англия тив нь халуун хүйтэн тэгш, хүмүүн олон, үрийн зүйл элдвийг ургуулж болох, дорви хүчин их... энэ тивийн хааныг бүсгүй хүн хэмээн ихэд алдартай...” гэх мэтээр бичсэн байдаг. Мөн нэг зүйлийг тэмдэглэхэд, Британийн монгол судлал олон жилийн түүхтэй, дэлхийд танигдсан олон нэрт эрдэмтэд төрж гарсан байдаг. Өнөөдөр ч гэсэн их, дээд сургуулиуд дахь Монгол судлалын төвүүд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгааг тэмдэглэх хэрэгтэй. Тэдний нөлөөгөөр гэх үү, Британид амьдарч суралцаж байгаа монголчууд маань “Бид эх орныхоо хөгжилд” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, уулзалтыг саяхныг хүртэл тогтмол хийж ирсэн.                 


Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосныхоо 50 жилийн ойн хүрээнд ШУА-ийн хүрээлэнгүүд

Кембрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвтэй хамтран

“Тив дамнасан хөршүүд” хэмээх хоёр боть ном хэвлүүлж байжээ.

-Нэг удаагийн ярилцлагаар хоёулаа 60 жилийн харилцаа, хамтын ажиллагааны бүх түүхийг нэгбүрчлэн багтаан бичих боломжгүй. Тиймээс ярилцлагынхаа төгсгөлд нэгэн жарны үйл явцыг багцалж хэлэхийн зэрэгцээ ирэх он жилүүдийн зураглал, төсөөллийг хэрхэн харж байна вэ гэсэн асуултаар ярилцлагаар өндөрлөх үү?

-Тантай санал нэг байна. Та бид хоёрын нэг цагийн ярилцлага судалгааны энэ олон бүтээлийн нэрийг нэрлэхэд ч хүрэлцэхгүй шахуу.


Манай түүхчдийн хэлэх дуртай ишлэл байдгийг Та бараг мэдэх байх. “Монголын түүх бол дэлхийн түүх юм” гэж. Түүнтэй адилаар Британийн түүх бол дэлхийн түүх гэдэгтэй маргах аргагүй. Тэр тусмаа англи хэл нь дэлхийн хэл болсон өнөө цагт ИБУИНХУ-тай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам илүү хөгжүүлэх шаардлага айлын талд гэхээсээ илүүтэй манайд илүүтэй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.


Хүн төрөлхтний түүхэнд тохиож болох хүндхэн хоёр жил, залгуулаад Украины дайн гээд сорилт бэрхшээл хэн хэнд маань хангалттай байна. Брекситийн дараах эдийн засгийн харилцаанд гарч болох өөрчлөлтүүдийг хоёр орны харилцаандаа эерэгээр тусгаж авах гээд хийх ажил их бий. Энэ жилийн хувьд Британийн талаас албан ёсны айлчлалын сураг сонсогдож байгаа. Мөн III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолд манайхаас дээд түвшинд оролцох сураг байгаа зэрэг олон олон дэвшил, өөрчлөлт тохионо гэдэгт итгэлтэй байна.  

Холбоотой мэдээ