УЕПГ иргэдэд нээлттэй, мэдээллээ шуурхай, ил тод хүргэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-18 10:32:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Прокурорын байгууллагаас давхардсан тоогоор 2.698.521 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан өмнөх оны мөн үеийнхээс 33.4 хувиар нэмэгджээ. Зөрчлийн хэргийн 75.8 хувь нь нийслэлд, 24.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нийт зөрчлийн хэргийн 99.9 хувийг эцэслэн шийдвэрлэсэн байна. 


Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг зөвтгүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 4 дахин нэмэгдсэнийг УЕПГ-аас мэдээлэв. 


Түүнчлэн, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн зөрчил 30.1, хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчил 22.7, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан зөрчил 12.5, хүний биед халдсөн зөрчил 11.8, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил 5.7 хувиар нэмэгдсэн нь хамгийн их хувь эзэлжээ. 


Мөн 2022 онд 58 369 хэрэгт хяналт тавьсан бөгөөд нийт гэмт хэргийн 31 хувь хулгайлах, 24 нь залилах, 3.2 хувь нь мал хулгайлах, 11 хувь нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, 2.2 хувь нь завших гэмт хэрэг эзэлжээ. Хянасан хэрэг бүртгэлтийн 35.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсаныг тус газраас мэдээлэв.


Түүнчлэн, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд мэдээлэл лавлагааны нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж, байгууллагын сайтаар өргөдөл, гомдол хүлээн авах боломж нөхцөл бүрдүүлснийг хэвлэллийн хурлын үеэр онцоллоо. Тодруулбал, иргэдэд хүрэх үйлчилгээг хялбар болгох зорилгоор Мишээл, Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний салбарыг өнгөрсөн 7 дугаар сард нээснээс хойш 500 мянга гаруй хүн үйлчлүүлжээ. Мөн хүүхдийн эрх нэгдсэн аян зохион байгуулж, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг албан хаагчдад хууль тогтоомжийг сурталчлан, соён гэгээрүүлж, олон нийтэд 2 мянга гаруй мэдээ мэдээлэл хүргэсэн нь өмнөх оныхоос 60.7 хувиар нэмэгдсэн аж. Цаашид ч иргэдэд нээлттэй, мэдээллээ шуурхай, ил тод хүргэхийг зорьж байгааг тус газраас мэдээлэв.



УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр ярихдаа, -Өнгөрсөн онд зөрчил шалгах шийдвэрлэх эрх бүхий 32 байгууллагын 10513 албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд 83 прокурор хяналт тавьж ажилласан. Хэрэг шийдвэрлэлт өмнөх оныхоос 16 хувиар нэмэгдсэн. Хялбаршуулсан журмаар 141 мянга гаруй гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэлээ. Мөн эрх бүхий албан тушаалтнууд 2 сая 500 мянга гаруй зөрчлийг газар дээр нь хялбаршуулан шийдсэн нь өмнөх оныхоос 25 хувиар нэмэгдсэн” хэмээв. 

Холбоотой мэдээ