Д.Амарбаясгалан: Өнөөдөр 823.354 хүүхдийн мөнгө дансанд нь орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-18 10:56:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалан өнөөдөр Хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэнтэй холбогдуулж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой шуурхай ажлын хэсэг байгуулж, энэхүү асуудлыг 14-21 хоногт цэгцлэхээр ажиллаж байна. Өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийг цаг хугацаанд нь шинэчилдэггүй, хасалт хийдэггүйтэй холбоотой нийгэмд бухимдал үүссэн. Иймд холбогдох агентлаг, нэгжүүд иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, хамтарч ажиллаж байна. Засгийн газраас энэ оны төсвийг өргөн барихдаа нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгийг өгөхөөр УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан. Хүүхдийн мөнгө нь энэ оноос халамж болж хүүхэд бүрд очих юм.


Хүүхдийн мөнгийг 17 жилийн турш олгож буй. Энэхүү 91 хувь буюу 1 сая 39 мянган хүүхэд мөнгөө нэг сарын хоцрогдолгүйгээр авдаг байх болно. Өнөөдрийн байдлаар 823.354 хүүхдийн мөнгө дансанд нь орно. Энэ нь хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувь юм. Иймд иргэд тайван байх хэрэгтэй. Төр өрхийн мэдээллийн сан дахь зөрүүтэй мэдээллийг залруулах болно. Нөгөө талаар E-mongolia систем рүү нэг дор олон иргэн нэвтрэх гэсэн оролдлого хийснээс болж саатсан. Салбарын яам энэхүү саатлыг богино хугацаанд зассан тул үйл ажиллагаа нь хэвийн болсон" гэлээ. 

Холбоотой мэдээ