УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-20 12:20:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.


Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаар байнгын хороодоос 36, Засгийн газраас 66, МАН-ын бүлгээс 37, АН-ын бүлгээс 31 санал ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 170 хууль тогтоолын төслийн саналаас хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан 58 хууль тогтоолын төслийг тусгасан аж. Мөн хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль тогтоолын төсөл өргөн мэдүүлбэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг тухай бүрд нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар шийдвэрлэхээр зохицуулсан байна.


Энэ үеэр гишүүд хэлэлцвэл зохих зарим хуулийн төслүүд орхигдсон эсэх дээр өөрсдийн саналыг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан 40 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар тусган, УИХ-ын 02 дугаар тогтоолыг баталсан. Эдгээрээс 13 хуульд өөрчлөлт оруулаад буй. Үлдсэн хуулиудаа хэзээ батлах вэ. Хэлэлцэх асуудлын дараалалд тусгасан уу" хэмээн тодруулсан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгасугай гээд тодорхой зааж оруулсан. Тэгэхээр хуулийн төслүүдийг өргөн баривал хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтах боломжтой" гэсэн тайлбарыг хийсэн юм.



Холбоотой мэдээ