АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Сангийн яам ОХУ-ын цэргийн хувийн компани болох "Вагнер"-ыг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлалаа.
АНУ-ын Сангийн мөн тус компанид авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлж, Оросын цэргийн уг цогцолборын түншүүд болон дэмжлэг үзүүлэгч компаниудад шинээр хориг тогтоожээ. “Байлдааны машинаа зэвсэглэх, тоноглоход нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бид улам их саад хийх болно” гэж тус яам мэдэгдсэн байна.
АНУ-ын эрх баригчид тус байгууллагыг Украинд явуулж буй Оросын дайнд оролцсон гэж буруутгаад зогсохгүй дэлхийн бусад улс оронд, тодруулбал, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Малид үйлдэгдсэн гэмт хэрэгт холбоотой гэж буруутгаж байгаа юм.
Америкийн хоригт мөн Оросын “Terra Tech”, Хятадын “Changsha Tianyi Space Science and Technology Research Institute Co. LTD” компани өртсөн байна. Хятадын компанийг хиймэл дагуулын зургуудаа “Вагнер”-т өгсөн гэж буруутгаж байгаа аж.