Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-27 11:12:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ сарын 24, 25-нд АНУ-ын Тээврийн яамны Иргэний нисэх болон олон улсын харилцааны асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Энни Пэтсонск, Тээврийн аюулгүй байдлын газар /TSA/-ын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн дэд дарга Гэри Ренфроу,  Холбооны нисэхийн захиргааны даргын үүргийг гүйцэтгэгч Билли Нолэн нартай тус тус уулзав.


Тээврийн яаманд хийсэн уулзалтын үеэр талууд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг аль ойрын хугацаанд эцэслэн байгуулж, хүчин төгөлдөр болгох эрмэлзэлтэйгээ харилцан илэрхийлээ. Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ингэхдээ агаарын тээвэр төдийгүй төмөр замын салбарт нягт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, цаашид Монгол Улсын ЗТХЯ болон АНУ-ын Тээврийн яам хооронд санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар тогтов.


Тээврийн аюулгүй байдлын газартай хийсэн уулзалтын үеэр 2 улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийн хүрээнд аюулгүй байдлын шалгалтад хамрагдах талаар дэлгэрэнгүй ярилцсаныг ЗТХЯ мэдээллээ.


Холбооны нисэхийн захиргааны удирдлагатай хийсэн уулзалтын үеэр цаашид агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, “IASA” буюу олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд бэлтгэх, холбогдох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах асуудлаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, ЭСЯ, ЗТХЯ, ИНЕГ, “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөл, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын газар, АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцжээ.


Цар тахлын өмнө Монгол-АНУ-ын хооронд 60 орчим мянган хүн зорчсон мэдээлэл бий. АНУ 130 улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнээс 27 нь Монгол Улсын Засгийн газартай хоёр талын хэлэлцээртэй аж.  


Холбоотой мэдээ