ДУНДГОВЬ: "Тэмээний өв соёл" наадам жуулчдыг татах, өв соёлоо таниулах зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-31 14:08:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь, Өмнөговь аймгийн 10 сумын тэмээчид Хулд суманд зохион байгуулсан “Тэмээний өв соёл” баярт оролцож, өв соёлоо сурталчлан дэлгэр сайхан наадав.


Тодруулбал, тус үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн 7 сум, Дундговь аймгийн 3 сумын тэмээчид оролцон тэмээн сүргийнхээ сүр хүч, чадал, ашиг шим, гоёмсог эдлэл, хэрэглэлээрээ өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм. 

Энэхүү үйл ажиллагаа нь тэмээний өв соёлоо таниулах замаар Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах, цаашлаад тэмээ маллахын ач тус, давуу талыг таниулж, тэмээн сүргийг өсгөн үржүүлэх зорилго агуулдаг.

Дундговь аймаг тэмээний тоогоороо улсдаа 3 дугаарт жагсдаг бол Хулд сум аймагтаа мөн 3 дугаарт ордог. Түүнчлэн тус сум “Олдохын хүрэн бор” үүлдрийн тэмээгээрээ алдартай нутаг.

Тус наадмын үеэр Торомны уралдаан, Тайлган тэмээний уралдаан, Буухиа уралдаан, Сайхан буур, Сайхан ингэ, Ганган хос, Сүүтэй ингэ, “Сүү, ноосон бүтээгдэхүүн” шалгаруулах, Буйл зорох, Бурантаг томох тэмцээн болов.



Тором, тайлган тэмээний уралдаан

Орчин үед тэмээг уралдуулах, тэмээн поло тоглох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг болсон нь жуулчдыг татах, тэмээ өсгөхийг дэмжих зорилготой.

Тэмээг дотор нь ботго, 2 наст тэмээг тором, гурван наст тэмээг шилбэ, дөрвөн наст эм тэмээг нь гунж, эрийг тайлаг, түүнээс дээш настайг ат, ингэ, буур гэдэг. Мөн тэмээг шүдээр нь ангилахдаа 2 ба 4 шүдтэй бага залуу ат, 6 шүдтэй нас гүйцсэн ат, ингэ, буур хэмээн нэрлэдэг байна.

Тэмээ богино гүйлтээр 65 км/ц хурдалж, нэг цагийн турш 40 км/ц хурдтай давхих чадвартай гэдэг.

Торомны уралдаанд Өмнөговь аймгийн 4 сум амжилттай оролцож, эхний 5 байрыг эзэлжээ. Тодруулбал тус аймгийн Баяндалай сумын тэмээнчин А.Одгэрэлийн хар тором түрүүлж, Манлай сумын тэмээчин Э.Шийрэвдорж, Цогт-Овоо сумын тэмээчин Т.Хосбаатар, У.Оргил-Эрдэнэ, Гурвантэс сумын тэмээчин Н.Мэндбаяр нарын тором удаалжээ.

Тайлган тэмээний  уралдаанд Өмнөговь аймгийн Баян-овоо сумын тэмээчин Б.Сайнбаярын улаан тэмээ түрүүлж, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын У.Мөнхжаргал, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ц.Баттөр, Гурвантэс сумын А.Батзаяа, Цогт-Овоо сумын А.Цогтбаяр нарын тэмээ удаах байруудад шалгарсан байна.



Сайхан буур, ингэ, Ганган хос шалгаруулав

“Сайхан буур” шалгаруулах тэмцээнд Дэлгэрхангай сумын тэмээчин Д.Наранболдын хүрэн буур үржил, ашиг шим сайтайгаараа шалгарч, Хулд сумын тэмээчин Б.Баянжаргалын хүрэн бор буур, мөн тус сумын тэмээчин Ц.Цэрэнсономын хүрэн буур тус тус удааллаа.

Харин “Сайхан ингэ”-ээр  Хулд сумын тэмээчин Б.Баянжаргалын хүрэн ингэ шалгарч, тус сумын тэмээчин С.Батжаргалын хүрэн бор, Б.Баянбилэгийн улаан ингэ удаах байруудад шалгарсан.

Ийнхүү Хулд сумын тэмээчин Б.Баянжаргалын хүрэн ингэ “Сайхан ингэ”-ээр, харин хүрэн буур нь “Сайхан буур” тэмээнд хоёрдугаар байрт шалгарсан юм.

Тэмцээний үеэр үзэгч олны нүдийг баясгаж, сэтгэлийг догдлуулсан нэгэн тэмцээн болсон нь хамгийн гоё хос тэмээ унасан, үндэсний гоёмсог хувцас, малгай, хэрэглэлээр гоёсон хосуудыг шалгаруулах тэмцээн байсан. Малчид ганган гоёмсог тэмээгээ тохошны ат хэмээн гоёлд унадаг аж.

Энэ удаагийн “Ганган хос”-оор Дундговь аймгийн Хулд сумын тэмээчин хос Д.Цогтбаатар Ц.Мөнхтуяа нар шалгарч, удаах байруудад мөн сумын  А.Түвшинбаатар, Д.Алтантулга нар болон Д.Очир, О.Цэнд нарын хос шалгарлаа.



Буйл зорох, бурантаг томох тэмцээн

Малчид тэмээг унах, ачих холын аян жин тээх зэргээр эдэлгээнд оруулж, хол, ойрын ажлаа амжуулахын зэрэгцээ тэмээний ноосоор дээс томох, утас ээрэх зэрэг гэр ахуйн эдэлгээ даах сайн чанарын эдлэл хийж, ахуйн хэрэглээндээ өргөн ашигладаг.

Тэмээг унаж эдлэхэд буйл, бурантаг, ногт, жолоо, таваглаа /тавагч, тавхайч гэж нэрлэх нь бий. Энэ нь эмнэг догшин тэмээг унахад урд хоёр хөлний тавхайгаар уяж хэвтүүлэхэд тусгайлан хэрэглэнэ/ тохош, ташуур, тушаа, бугуйл, зэргийг хэрэглэдэг байна.

Ачаа ачихдаа тэмээнд ширмэл цагаан эсгий, хивсэн тохошнуудыг тохож, хом, шат болон хомын сур, тэнжээний сур, татлаганы сур, дээс зэргийг хэрэглэдэг. Машин техник гараагүй байхад тэмээгээр гэрээ нүүлгэх, хүүхдээ хунз, арганд хийж ачих, гадаад дотоодын аян жинд явах зэргээр ашигладаг байжээ.

Тэмээний хэрэглэлийн хэмжээс: Буйл нь ац баатар хоёрын хооронд барим, бурантаг алд дэлэм буюу 2 м гаруй, хомын суранд 7 алд, татлаганы суранд 13 алд, тэнжээний суранд 8 алд сур тус, тус ордог ажээ.

Буйл зорох тэмцээнд Хулд сумын тэмээчид тэргүүлж, өв соёлоороо гайхууллаа. Тус тэмцээнд тус сумын тэмээчин Л.Төмөрсүх түрүүлсэн бол Ц.Мөнхсүх, Ц.Гансүх нар удаалсан юм.

Харин Бурантаг томох тэмцээнд Хулд сумын тэмээчин Ц.Гансүх түрүүлж, Т.Цэцэгмаа, Ш.Сугир нар удааллаа.



Сүүтэй ингэ шалгаруулав

Ингэний сүүгээр ундаа, хоормог, өрөм, ааруул хийж, цай сүлж,  шимийн архи нэрнэ. Ингэний саалийн хугацаа нь 16-18 сар үргэлжлэх бөгөөд сүүний нийт гарц нь 330-360 литр байдаг. Ингэний сүүнд уураг, лактоз болон кальци, фосфор, натри зэрэг 10 орчим эрдэс агуулагддаг аж.

Ингэний сүүгээр бэлтгэсэн хоормог 4.8 хувийн тослог, 3,7 хувийн уурагтай, нэг литрт 0,12 мг А аминдэм, 56 мг С аминдэм агуулагддаг.

Тус тэмцээний “Сүүтэй ингэ”-ээр Хулд сумын тэмээчин Т.Баярмаагийн хүрэн бор ингэ шалгарч, тус сумын Ц.Цэрэнням, Б.Даваасүрэн нарын ингэ удаалсан юм.

Судалгаагаар ингэний сүүний нэг удаагийн гарц бага, өдрийн дундаж саалийн хэмжээ хагас литр орчим байдаг бол тус тэмцээнд шалгарсан Т.Баярмаагийн ингэний гарц 1,5 литр байжээ.  









Холбоотой мэдээ