Рой Пэн: Өнөөдөр компаниудад ач холбогдолгүй байж болох ч уур амьсгалын өөрчлөлт тэднийг сорих болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-31 17:53:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлт нүүрлээд буй өнөө цаг үед компаниуд нүүрс хүчлийн ялгаруулалтыг улам цэнэж, бизнесийн илүү тогтвортой, түүнийг дагасан хариуцлагатай загварт шилжих шаардлага үүсэж байна. Ялангуяа ESG тайлан гаргаж байх талаар Монголын Бизнесийн зөвлөлөөс өнөөдөр “Шангри-Ла” зочид буудал зохион байгуулсан “Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлдэх нь” уулзалтаар хөндлөө.



ESG тайлагнал буюу тогтвортой байдлын тайлан гэдэг нь байгаль орчин, нийгэм, компанийн засаглал гэсэн гурван чиглэлээр компанийн үйл ажиллагааг хамааран нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй болохыг илэрхийлсэн өгөгдөл гэдгийг уур амьсгалын технологийн URECA компанийн Тогтвортой байдлын захирал Б.Онон тодотгож байна.


Тодруулбал, тус компани нүүрс хүчлийн хийг ялгаруулахгүй байх зорилгоор СО2 бууралтыг худалдан авах, санхүүжүүлэх механизмыг нэвтрүүлж, төсөл хэрэгжүүлж буйг уулзалтад оролцсон банк, санхүүгийн байгууллага, компаниудын төлөөлөлд танилцууллаа. Тэрбээр, дээрх үйл ажиллагааны мэдээлэл солилцох, хамтран ажиллах платформыг Монголд улс орнуудыг холбон энэ оны 3 дугаар сард байгуулах гэж буйг дуулгалаа.


“Уур амьсгалын өөрчлөлт нь өнөөдөр магадгүй, танай компанийн үйл ажиллагаанд чухал бус, ач холбогдолгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт таныг сорих болно” гэдгийг Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүн, Бизнес хөгжүүлэлтийн менежер Рой Пэн хэлж байна.


Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт, “Энэ бол дэлхий нийтийн цаг алдалгүй, зайлшгүй хийх үйл ажиллагаа болж байна. Та бүхэн Австрали болон хөрш БНХАУ-аас эхлээд 2060 он гэхэд нүүрс хүчлийн хийг ялгаруулахгүй байх амлалт авах зэргээр карбон кредит буюу нэг тонн СО2-г бууралтыг дэлхий нийт худалдан авах зах зээл болон хувирч буйг харж болно” гэдгийг онцлон хэлэв.


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнуудын төр, засгийнхны авч буй амлалт дээр URECA шиг хувийн хэвшлийн компаниудын санал санаачилга, оролцоо, үйл ажиллагааны хэрэгжилтийг нэмэхэд бид бүхэн уур амьсгалд сөрөг нөлөөгүй байхын төлөө хамтран ажиллах боломжтойг өнөөдрийн хэлэлцүүлэг, уулзалтаар хөндөж буйг тэмдэглэн хэлэв. Тэрбээр, Бизнесийн зөвлөлийн гишүүн компани, ААН-үүд эх орондоо нар, салхины парк байгуулах зэргээр төсөл хэрэгжүүлэн нүүрс хүчлийн бууралтад хувь нэмрээ оруулж буйг дурдлаа.


Компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой (VR Virtual reality) буюу виртиуал бодит орчинд бэлтгэсэн байгаль орчноо хамгаалах, дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан видео контентуудыг бэлтгэснээ танилцуулж байна.


Гэрэл зургуудыг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ