ОРХОН: Д.Дэлгэрбаяр: Шинэ спортыг хөгжүүлж сайн тамирчин бэлдэх нь бидний зорилго

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-01 12:02:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-13-нд Орхон аймагт Монголын бүх ард түмний спортын 16, Хүүхдийн спортын 7 дугаар наадам болно. Монголын өвлийн олимп гэж нэрлэгддэг тус наадам Орхон аймагт анх удаа болж байна. Энэ талаар Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяртай ярилцлаа.


-Хоёр наадмыг зэрэг зохион байгуулахад бэлтгэл ажил их байгаа байх. Ажлын явц ямар байна вэ?

-Юуны өмнө Орхон аймагт энэ наадам болох гэж байгаад тамирчид их баярлаж байгаа. Эрдэнэт хот хэзээний л их спортыг дэмжсээр ирсэн. Энэ удаа ч дэмжиж Бүх ард түмэн, Хүүхдийн спортын хоёр том наадмыг зохион байгуулахаар нэг сарын турш бэлтгэл ажлаа хангаж байна. Тэмцээн болох гурван том талбайг стандартын дагуу бэлэн болгосон. Энэхүү наадам гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, уулын цана, гүйлтийн цана, снөүбоард гэсэн зургаан төрөлд болно. Тэмцээн Цэнгэлдэх хүрээлэн, Сархиа цанын бааз, 19 дүгээр сургуулийн гаднах хоккейн талбайд болно. Зам талбайн цэвэрлэгээ, мөс өнгөлөх ажил дууссан. Тамирчид маань талбай дээрээ бэлтгэл, сургуулиа хийж байгаа.


-Өвлийн спортын наадмыг орон нутагтаа зохион байгуулах онцлог давуу тал нь юу вэ?

-Манай аймгийн тамирчид өөрсдийн бэлтгэл сургууль хийдэг талбайд уралдах учраас айж, сандралгүйгээр амжилттай оролцох болов уу гэж  бодож байна. Мөн тамирчдын ар гэр, эцэг эх, гэр бүлийнхэн нь дэмжиж тэдэнд илүү  урам зориг өгөх байх аа. Тэмцээнд Улаанбаатар хот, 19 аймгийн 760 гаруй тамирчин оролцоно. Дасгалжуулагч, зочид төлөөлөгч гээд нийт 2000 орчим хүн манай аймагт ирнэ. Тиймээс бид өндөр хариуцлага хүлээн ажиллаж байна.


-Орхон аймгаас хэдэн тамирчин, ямар төрөлд оролцох вэ?

-Тус аймгаас 100 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн. Тэд шорт трейк, тэшүүр, гүйлтийн цана, уулын цана, снөүбоардийн төрөлд  багаараа оролцоно.  

Саяхан болсон "Мөнгөн өвөл-2023" аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 8 аймгийн 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манайх снөүбоард, гүйлтийн цанын төрлөөр багагүй амжилт үзүүлсэн. Снөүбоардийн төрөл Орхон аймагт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Тэмцээнээс харахад сайн хөгжих төлөвтэй ажиглагдсан. Улсын хэмжээнд ямар л шинэ спорт бий болно түүнийг л орон нутагтаа нэвтрүүлж, хөгжүүлэх, сайн тамирчин бэлдэх нь бидний зорилго юм.  

Тиймээс тамирчдынхаа бэлтгэл сургуулийг хийх аюулгүй орчин бүрдүүлэх, хувцас хэрэглэлийг нь бэлдэх, цана, тэшүүрээр хангах зэрэг олон зүйл дээр дэмжин ажиллаж байна.


-Тэмцээнд оролцож буй тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

-Тэмцээнд оролцоод бэртэл, гэмтэл авах тохиолдолд шуурхай арга хэмжээ авах гэмтлийн эмч, түргэний машиныг гурван байршилд бэлэн байрлуулж байгаа. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яаралтай тусламж, аврах баг, халдвар хамгааллын дэд хороо хариуцан ажиллана.


-Орхон аймгийн Биеийн тамир спортын газар өнгөрсөн онд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Өнгөрсөн онд Монголын бүх ард түмний спортын 15 дугаар наадамд хоёрдугаар байр, Үндэсний спортын 7 дугаар наадамд тэргүүн байр эзэлсэн. 21 аймаг, 9 дүүргээс хоёрдугаар байрт шалгарч, нийт спортын 21 төрөлд Орхон аймгийн 246 тамирчин 4000 гаруй тамирчинтай өрсөлдөж, 13 алт, 13 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн.


-Энэ онд ямар зорилт тавин ажиллах вэ?

-Зуны спортын наадам Баянхонгор аймагт болно. Бид одооноос тамирчдаа бэлдэж, бэлтгэл сургуульд нь анхаарч байна. Орхон аймагт спортоор хичээллэдэг тамирдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Улсын хэмжээнд зохион байгуулдаг тэмцээн уралдаанд манай аймаг амжилттай оролцдог. Энэ буухиаг таслахгүйн тулд хичээж, тамирчдаа бэлдэж байна.


-Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу?

-Уралдааны төрөл, ангилал тус бүрээр Биеийн тамир, спортын улсын хорооноос баталсан стандартын дагуу шүүнэ. Шүүлтийг Монголын Цанын холбоо, Тэшүүрийн холбоо, Шайфтай хоккейн холбоо хариуцаж байгаа. Манай аймгаас гүйлтийн тэшүүр, цанын спортын төрлүүдэд шүүгч ажиллана.

-Танд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ