“Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдааг өдөрт 500-1000 хүн зорин очиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-02-01 15:22:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд тав дахь өдрөө үргэлжилж байна.


Үзэсгэлэнд үндэсний манлай үйлдвэрлэгч, албан ёсны хүнс, барааны дистрибьютер компани, үндэсний хувцас, малгай, бүс, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, үнэт эдлэл, гоёл чимэглэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны  бараа, цагаан идээ зэрэг жижиг дунд бизнес эрхлэгч иргэдийн 10 мянга гаруй бүтээгдэхүүнийг борлуулж байна.


Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр цагаан сарын бэлтгэлээ бүгдийг нэг дороос бэлтгэх боломж олгож буйг Мишээл экспо төвийн менежер онцлов. Тэрбээр, “Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа гурван үе шаттай явагдаж байна. Эхнийх нь нэгдүгээр сарын 28-наас энэ сарын 5-ныг хүртэл импортын болон үндэсний бараа бүтээгдэхүүн, энэ сарын 6-13-нд үнэт эдлэл,13-20-нд хүнсний бүтээгдэхүүний худалдаагаар үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр азтай үйлчлүүлэгч шалгаруулж байгаа. Одоогоор 9 азтан шалгараад байна. Ковидын улмаас иргэд өнгөрсөн 3 жилд цахимаар болон гэр гэртээ шинэлсэн бол энэ жил сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх өнгө аяс харагдаж байна. Эхний таван өдрийн байдлаар амралтын өдрүүдэд 1000-2000 хүн, ажлын өдрүүдэд 500-1000 хүн зорин ирж үйлчлүүлж байна. Сар шинийн баяр дөхөхөөр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг” гэв.


Энэхүү үзэсгэлэн худалдаанд хэвийн боовны үнэ ямар байгааг сурвалжиллаа. Хэвийн боовны хувьд гүрмэл, сүлжмэл, зүсмэл, мушгиа зэрэг олон төрөл байх бөгөөд орц найрлагаараа ялгарч, үнийн хувьд харилцан адилгүй байв. Хэвийн боовны дундаж үнэ 4000-6000 төгрөгийн хооронд байгаа бол дээд тал нь 6900 төгрөгөөр худалдаж байв. Худалдагчид хэвийн боов сонирхсон хүнд амталгаагаар дайлж, бүтээгдэхүүнээ тайлбарлаж байлаа.

Гурилын болон бусад материалын үнэ нэмэгдсэнээс энэ жил хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс 500-1500 төгрөгөөр өсжээ.


“Өгөөж чихэр боов” ХХК-ийн худалдагч П.Наранбаатар, “Манай компанийн “Угалз” хэвийн боов ширхэг нь 4250 төгрөгийн үнэтэй байна. Энэ жил “Угсаа” зүсэлттэй хэвийн боов шинээр гаргаж 5250 төгрөгөөр худалдаж байгаа. Үеэс үед уламжлан ирсэн баялаг жороор хийсэн тул амт чанараараа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн юм. Мөн тавгийн идээний суурь еэвэн нэг кг-тай нь 14 500, гурван хос нь  34 000, 2.5 кг-тай еэвэнг 42 000 төгрөгөөр борлуулж байна. Энэ жил гурил, будааны үнэ өссөнөөс шалтгаалан өнгөрсөн жил 39 000 төгрөгөөр худалдаж байсан еэвэн 42 000 төгрөг болсон. Хэвийн боов хуучин үнээрээ байгаа” гэв.


Харин “Бамбууш” компанийн сарлагийн шар тосоор багсарч уламжлалт аргаар хийсэн зүсэлттэй хэвийн боов 6250, зөөхийний орцтой энгийн хэвийн боов 4150, тахилын боов гурван ширхэг нь 5000, гүрмэл 6500 төгрөгийн үнэтэй байна. Хэвийн боовны 15, 21 ширхэгтэй хайрцаг тутамд нэг ширхэг шанзтай суурь еэвэн бэлэглэж байгаа аж.


“Суман гүн” хүнсний үйлдвэрийн уламжлалт аргаар өрөм, шар тосоор багсарсан зүсэлттэй “Өлзий” хэвийн боов 4500, энгийн хэвийн боов 4000, шар тостой эртний монгол гүрмэл 6000 төгрөгийн үнэтэй байгаа бол суурь еэвэн 10-20 мянган төгрөгийн үнэтэй байна.  


Мөн Дархан-Уул аймгийн “Мөнх-Ундрам хүнс” ХХК энэхүү үзэсгэлэн худалдаанд 10 гаруй жил оролцож байгаа бөгөөд нийслэлийнхэнд зориулан торгууд гүрмэлийг 5500, энгийн хэвийн боовыг 4500 төгрөгөөр борлуулж байна.


Турк нарийн боовны үйлдвэрийн монгол шар тосоор багсарч, “Алтан тариа” ХХК-ийн дээд гурилаар хийсэн хэвийн боов 6900, тавгийн суурь еэвэн 35-60 мянган төгрөгийн хооронд байна.


Түүнчлэн тус үзэсгэлэн худалдаанд өнөөдрөөс цагаан идээ борлуулж эхэлж байна. Архангай аймгийн Чулуут, Их Тамир, Жаргалант сумын  иргэд цагаан идээгээ борлуулахаар зорин иржээ. Цагаан идээгээр зассан тавгийн ааруул хийц, хэлбэр, хэмжээнээсээ хамааран  200-300 мянган төгрөгийн үнэтэй байна.

Үнэ ханшийн хувьд дараах үнийн хооронд хэлбэлзэж байна.

- Сүүн ааруул  30-35 мянга

-Энгийн чихэртэй ааруул 20-23 мянга

-Чихэргүй ааруул 23 мянга

-Ээзгий 15 мянга

-Өрөм 20-25 мянга

-Шар тос 30 мянга

-Хайлмаг 15-25 мянга

-Сарлагийн сүү 4000

-Хорхой ааруул 23-25 мянга


Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын “Сүүн Биндэр” үйлдвэр цагаан идээгээр зассан тавгийн идээ худалдаж байна. 245-595 мянган төгрөгийн үнэтэй гурван төрлийн идээний багц нь саран хурууд, гурван хос идээний орой, 1-2 килограмм жижиг ааруулаас бүрджээ

Иргэдийн хэлж байгаагаар цагаан идээ, хэвийн боов авахад хамгийн багадаа 150 мянган төгрөг болж байна.





Холбоотой мэдээ