ДУНДГОВЬ: Э.Өлзийбадрах: Бид хогоо ангилж, ялгаад сурчихвал маш олон талын ач холбогдолтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-01 18:05:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хогийн асуудал иргэдийн хандлага, байгаль орчноо хайрлах сэтгэлтэй шууд холбоотой. Дундговь аймгийн Мандалговь хотын хувьд жилд дунджаар 50-60 мянга орчим  тонн орчим хог хаягдал гардаг бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас тодорхойлсон.  

Айл бүрийн ширээн дээр орхисон хоол, хогийн саваар дүүрэн хүнсний үлдэгдэл, хог хаягдал нь байгальд хор хөнөөл учруулж, тэр бүхнийг зүй зохистой хаях өртөг зардал нэмэгдэж байгаа энэ үед дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах, түүнийг цуглуулах зохион байгуулалт зайлшгүй хэрэгцээтэй байсан юм.

Энэхүү үйл ажиллагааг эхлүүлж, иргэдэд хог ангилах боловсрол олгож, улмаар нийтийн хог хаягдлыг багасгах, хогийг баялаг болгох зорилго бүхий нэгэн гэр бүлтэй ярилцлаа. Энэ бол “Баялаг төв”-ийг үүсгэн байгуулагч Э.Өлзийбадрах, түүний эхнэр Э.Эрдэнэжаргал нар юм.



-Өнөөг хүртэл хог ангилах, дахивар авах тухай яригдсаар байсан ч хэн ч зориглож эхлэхгүй байсан. Харин та хоёр санаачлан хэрэгжүүлж байгаад талархаж байна. Хэзээнээс ажлаа эхэлсэн бэ?  

-Манайх үйл ажиллагаагаа 2021 оны 5 дугаар сараас эрчимтэй эхлүүлсэн. Яг энэ санаа анх 2018 оноос төрж, хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж дутагдалтай байсан учраас бодоод л яваад байсан юм.

Тэгээд БОАЖГ-аас хог пресслэгч машин өгөх тухай зар олж хараад, түүнд хандсан. Тэгээд манайх сонгогдож, түүндээ урам ороод ажлаа эхэлсэн. Одоогийн байдлаар 40 тн дахиар авчихсан. Улаанбаатар руу 5 тонныг ачуулаад байна.

Хүн авахгүй болохоор энэ дахиврууд хаягдал болдог. Хүмүүс аваад зөв зохистой, хэрэгцээтэй юм хийх юм бол хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн болдог. Одоогоор дахивраа цуглуулж байна. Цуглуулсан дахивраа аваачаад тушаая гэхээр үнэ нь хямд болохоор нөөцөлж л байя гэж бодож байгаа.

Ашиг хийнэ гэхээс нийгмийн сайн сайхны төлөө, хог хаягдлыг бага ч гэсэн багасгая, хувь нэмрээ оруулъя гэж бодсоны үндсэн дээр л энэ ажлаа хийж байна.


-Мэдээж энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд судалгаа хийсэн байх?

-Тодорхой хэмжээнд судалгаа хийсэн, ажигласан, хогийн цэг, хог ихээхэн төвлөрсөн газруудаар явсан. Өнөөгийн байдлаар айл өрхүүдийн хог хаягдлыг бүхэлд нь Хот тохижуулах газар ачиж, нэгдсэн хогийн цэг дээр асгадаг, хог хаягдлыг ангилалгүй ил асгаснаас гялгар уут, шил, хуванцар сав салхинд хийсч, байгаль орчныг ихээхэн бохирдуулж байна.

Аймгийн төвд нийт өрхийн 1200 нь нийтийн орон сууцанд амьдардаг бол бусад өрх гэр хороололд аж төрдөг. Амьдарч буй орчноос хамаарч гарах хог хаягдал, ачих, тээвэрлэх нь харьцангуй ялгаатай байдаг. Гэхдээ бүх айл өрх хогоо ангилан ялгадаггүй, бүх хогоо холиод нэг саванд хийчихдэг учраас ачиж, тээвэрлэж байгаа хүмүүстээ ч их бэрхшээлтэй харагддаг.  

Ер нь хог хаягдлын 35 хувийг цаас, сонин, сэтгүүл, дэвтэр, төрөл бүрийн боодлын болон картон цаас, сүү, жүүсний тетропак савалгаа, 25 хувийг төрөл бүрийн ус, ундааны хуванцар сав, кетчуп, ургамлын тос, бие угаагч шингэн, шампунь, угаалгын шингэний хуванцар сав, 4 хувийг хөнгөн цагаан, металл, зэс, гууль сав, 10 хувийг шил, хүнсний болон ундааны төрөл бүрийн шилэн сав, 2 хувийг модон эдлэлийн хаягдал, 24 хувийг гялгар уут, хуванцар сав баглаа боодол тус тус эзэлдэг гэдэг.

Тиймээс дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа тусад нь аваад хэвшчихвэл нийтийн хогийн цэг дээр хаях хог ч багасна гэсэн үг. Саяхан Хот тохижилтын албаны даргатай уулзахад сүүлийн жилд хог хамаагүй багассан гэж ярьж байсан. Бид нар 45 тонныг л цуглуулчихсан болохоор аргагүй байх л даа.


-Танайх ямар дахивруудыг авдаг вэ, энэ талын боловсрол хүмүүст их хэрэгцээтэй байх шиг...

-Авч болох бүгдийг л авч байгаа. Бид нарын хувьд энгийн хог хаягдлаас дахин боловсруулах боломжтойг нь авдаг. Дахин боловсрогддоггүй нь бас байна.

Тухайлбал, АПУ ХК-ийн бүх төрлийн шил авна, гэтэл бүр огт өөр үйлдвэрийн өөр хэлбэртэй шилнүүд хүрээд ирдэг. Түүнийг ч бас авч байгаа. Картон, бичгийн цаас, HDFI, PP, PET гэсэн тэмдэглэгээтэй хуванцар сав, LDP зузаан гялгар уут, нимгэн уут, хуршсан, хуршаагүй өөхөн тос, өнгөт металл, төмөр, хөнгөн цагаан, зэс гэх мэт бүтээгдэхүүнийг авч байгаа. Ус ундааны сав авна, гэхдээ цагаан идээ хийж байсан бол болдоггүй гэх мэтчилэн анхаарах зүйлүүд бий.

Ер нь зуурч урагддаг уутнуудыг авдаг бол шажигнадаг уутыг авахгүй. Мөн дотор талдаа мөнгөлөг уут, Гоё таргийн сав, цаасан сүү, жүүсний сав зэрэг нь дахин боловсрогддоггүй байх жишээтэй.

Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сав баглаандаа их анхаарах хэрэгтэй гэж боддог. Мөн иргэд ч гэсэн худалдан авалт хийхдээ ухаалаг сонголт хийж, аль болох хог болохгүй сав баглаатайг сонгодог болчих нь чухал байгаа юм.  




-“Баялаг төв”-ийн явуулж байгаа энэ үйл ажиллагааг харахаар нэг талаас нийгмийн сайн сайхны төлөө ч юм шиг, гэтэл бас бизнес ч юм шиг. Ямар нэг төсөлд хамрагдсан уу, дэмжлэг авч байсан уу?

-БОАЖГ-аас пресслэгч машин өгсөн, 3,0 сая төгрөгийн төсөл авсан. Түүнээс өөрөөр дэмжлэг байхгүй байгаа. Бид хоёр өөрсдөө хүүхэд байхаас л хогоо хаядаггүй, энд тэнд хог харагдахаар аваад хогийн саванд хийчихдэг, энэ тал дээр сэтгэл зовж явдаг хүмүүс юм билээ. Тэр маань энэ ажлыг хийхэд их нөлөөлсөн байх.

Манай төвийн хувьд зардал их гарна шүү. 3 хүн тогтмол биш ч гэсэн ажиллуулдаг. Тээврийн зардал их, дахиврууд овортой. Өөрийн гэсэн агуулах савгүй, унаагүй, өөрсдөө байрлах ажлын байргүй гэх мэтчилэн бэрхшээлүүд олон байна. Сэтгэлээр унаж, босох үе ч байх. Гэхдээ биднийг зоригжуулдаг нэг л юм “нийгмийн төлөө, байгаль орчноо хамгаалах” гэсэн сэтгэл байдаг.

Зардлаа нөхөхөд нэлээд хэцүү, одоогоор бид зээл аваад дахивраа нөөцлөөд байгаа. Иргэд хогоо ангилаад, манайд хоёрдогч түүхий эдээ өгөөд сурчихвал бидэнд амар болно. Бид зөвхөн ус, ундааны сав авдаггүй, өөхөн тос, өнгөт металл, төмөр, хөнгөн цагаан, зэсийг ч бас боломжийн үнээр авдаг.

Тэгэхээр иргэд хоёрдогч түүхий эдээ бүгдийг манайд өгдөг байвал бид алдагдал багатай ажиллах боломжтой. Ер нь л иргэдийн хандлага их чухал юм байна.


-Иргэдийн хандлага ер нь ямар байна, хандлагыг өөрчлөхийн тулд юу хийх вэ?

-Хогоо ангилан ялгах сэдэл, хүсэл эрмэлзэл чухал юм байна гэж бодож байгаа. Хүсэл эрмэлзэлтэй болчихвол яаж ангилах талаар мэддэг болно. Хүмүүсийн хандлага мэдээж өөр өөр байна. Зарим нь бид нарыг хог авагч гэж харьцах хүн байхад бидний сэтгэлийг ойлгоод сайхан хандах хүн олон бий.

Ахмадууд их сэтгэлтэй. Манай нэг үйлчлүүлэгч өөрийнхөө болон хойд гудамжны шил, лааз, ундаа, усны савыг түүгээд ирсэн. Тэгээд би ч бас баярлаад АПУ ХК-ийн шилийг авахдаа Улаанбаатарт тушаадаг үнээрээ худалдаж авах жишээтэй. Бид хоёр мөнгөтэйдээ биш шүү дээ. Мөнгөө түгжчихсэн байна, гэхдээ хүмүүсийн хандлагыг өөрчлөх гээд л хичээгээд байгаа юм. Тэгэхээр энэ бол хүмүүсийн сэтгэл, хандлага дээр л тулгуурлаж явах юм байна гэдгийг ойлгож байгаа.

Иргэдэд мэдээлэл, сурталчилгаа маш их хэрэгтэй. Тиймээс бид хоёр “Манлайлагч-50” хөтөлбөрт сонгогдон оролцож, хөтөлбөрийнхөө залуучуудтай хамтран өөрсдөө ч суралцаж, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна.


-“Манлайлагч-50” хөтөлбөрийн залуус хамтраад “Байгальд үлдээх бидний мөр” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хөтөлбөрийн талаар болон өдөрлөгийнхөө тухай танилцуулаач!

-Манай аймгийхан нэгдэж чаддаг хүмүүс гэж боддог. Хамгийн энгийн жишээ гэхэд “Ид шидийн орон” байна. Иргэдэд хогийн менежментийн талаар ойлголт өгөх, хандлагыг өөрчлөхөд энэ хөтөлбөрийн залуучууд хамтраад маш их зүйл хийж байна.

Сургалтууд хийлээ, олон байгууллага, аж ахуйн нэгж, компаниудаар орлоо. Үйл ажиллагаагаа танилцуулж, өдөрлөгийнхөө үйл ажиллагааг зохион байгуулах хөрөнгийг хандиваар босгож байна.

Өдөрлөг 2 дугаар сарын 4-нд болно. Иргэдийг гэр бүлээрээ ирж оролцоосой гэж бодож байгаа. Тэнд өртөөчилсөн, сонирхолтой олон үйл ажиллагаа болно, маш их мэдээлэл авна, азын сугалаа хүлээж байгаа гэх мэтчилэн гэр бүлээрээ нэг өдрийг хөгжилтэй, сайхан өнгөрүүлэх боломж байгаа.


-Цаашдаа хог, хаягдлыг бууруулах, иргэд хогоо ангилж, ялгаж зориулалтын газар авчирч өгдөг болохын тулд юу хийвэл зүгээр вэ?  

-Хогийг дэлхий нийтээрээ л ярьдаг, цаашдаа ч цэгцэртэл нь ярьж л таарна. Одоо хүүхдийн кино, сурталчилгаа руу л чиглэж байна. Хүүхдийн кино үзэхэд яг хог хаягдлын тухай биш ч гэсэн үйл явдал дунд нь хог хаяж болохгүй шүү, энэ нь байгаль орчиндоо ийм хор хөнөөлтэй гэдгийг оруулаад, ойлгуулж байх жишээтэй.

Тиймээс өөрчлөгдөх байх гэсэн гэгээн бодолтой л байдаг. Ер нь тогтолцоо л чухал юм байна гэж харж байгаа. Өглөө айл бүрийн үүдэнд сонин, сүү хүргэх үйлчилгээ байдаг шиг л иргэд байрныхаа үүдэнд хэрэглэхгүй дахивруудаа гаргаад тавьчихдаг, эсвэл гэртээ ангилаад хэвшчихсэн, түүнийг нь тодорхой цаг хугацаанд тогтмол авчихдаг болвол зүгээр байгаа юм.

Хогийн асуудалд төрийн бодлого ч гэсэн чухал нөлөөтэй. Дахин боловсруулдаг бүтээгдэхүүнээс гадна бидний авахгүй хог маш их гарна. Тэгэхээр түүнийг яах вэ, овоолоод л байх уу, дарж булшиллаа гэхэд тэр нь өөрөө ирээдүйд бас ямар сөрөг үр дагавар гарахыг хэн мэдэх вэ?

Авахгүй хогийг үнсгүй болтол шатаадаг зуух байдаг, аймагтаа тийм зуухтай болбол хэрэгцээтэй байна. Хогийн асуудлыг онцгойлон авч үзэх хэрэгтэй гэж боддог шүү.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье!




Холбоотой мэдээ