Монгол Улсад нэгдүгээр сард 20 мянга орчим жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-02 07:27:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас энэ онд 1 сая жуулчин авах зорилтын хүрээнд Монгол Улсад БНСУ-аас жуулчин хүлээн авдаг 38 тур компанийн төлөөллийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар хүлээн авч уулзлаа.


Монгол Улсад он гарснаас хойш БНСУ-аас 2167, Япон Улсаас 426 жуулчин иржээ. Харин Япон улсаас 2019 онд 39400 жуулчин ирсэн бөгөөд энэ тоог 2023 онд 50 000 мянгад хүргэхийг зорьж байгаа юм. 


Жуулчдын тоог нэмэхэд хамтарч ажиллах болон, БОАЖЯ, нийслэлээс ямар зохицуулалт хэрэгтэй талаар мэдээлэл солилцов. Уулзалтад  салбарын 38 байгууллагын төлөөлөл оролцож, Солонгос жуулчин говь, Хөвсгөл, хангай, хот гэсэн 3 маршрутаар богино хугацааны 4 шөнө 5 өдрийн аялал сонгодгийг онцоллоо. Тухайлбал 2022 онд нэг тур компани БНСУ-аас 400 багийн 1800 жуулчин хүлээн авч, 1 сая долларын орлого оруулжээ. Цаашид энэ тоог нэмэх боломжтой, ингэхдээ отоглох цэгийн тоог нэмэх, модон жорлонгоос бүрэн татгалзах хэрэгтэйг хэлж байв. Мөн төрд бүхнийг даатгахаас илүүтэй өөрсдөө энэ асуудалд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.


2023 оны төлөвлөгөөгөөр БНСУ-аас орж ирэх жуулчны тоог 2019 оны үеийн хэмжээнд аваачих буюу 100 мянган жуулчин авахыг зорьж байна. Он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 1-31-ний хооронд 19319 жуулчин манай оронд иржээ. Харин өнгөрсөн онд 290414 жуулчин аялж, 428,6 сая долларын орлого оруулсан аж. 



Холбоотой мэдээ