Мурат Карагөз: Нийгмээ соёл иргэншлийн дээд түвшинд гаргахын төлөө ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-31 10:52:58

БНТУ-ын Ялалтын баярын 94 жилийн ойг тохиолдуулан тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз өчигдөр буюу энэ сарын 30-нд Хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Хүлээн авалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон цэргийн атташе нар оролцлоо.

Энэ үеэр БНТУ-аас Монгол Улсад сугаа Элчин сайд Мурат Карагөз, “Одоогоос 94 жилийн тэртээ байгуулсан аугаа ялалт нь түүхэнд турк ард түмний бүтээсэн баатарлаг домог болон үлдсэн юм. Турк ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний эрмэлзэл, баатарлаг армийн эр зориг, золиос нь их жанжин Мустафа Кемал Ататуркийн хосгүй манлайлал дор чөлөөлөх дайны ялалт  болж бэхжихэд хамгийн чухал хүчин зүйл болж, Бүгд Найрамдах Турк Улсыг үүсгэн байгуулах анхны суурийг тавьсан билээ. Өнгөрсөн сарын сарын 15-нд Турк Улсад төрийн эргэлт хийх оролдлого гарлаа. Манай улсын бүрэн бүтэн, нэгдмэл байдал, ардчилсан улс төр болон хууль ёсны байгууллагуудын эсрэг чиглэсэн энэхүү халдлага нь турк ард түмний хатуу эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Манай Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд дурдсанчлан бид бүхэн бүгд найрамдах засаглалыг улам бүр бэхжүүлж, эдийн засаг, улс төр нийгмээ соёл иргэншлийн дээд түвшинд гаргахын төлөө бүхий л чадлаа дайчлан ажиллаж байна. Бид, манай улсыг энх тайван, аз жаргалын замаас нь хазайлгах хүсэлтэй террорист байгууллагуудын жигшүүрт халдлагуудыг үл ажран, урвагч тэрслүү этгээдүүдийн увайгүй үйлдлийн эсрэг тэмцэлээ үргэлжлүүлэх болно”хэмээв.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа тухайн цаг үед хамгийн томд тооцогдож байсан дөрвөн их гүрэн-Орос, Герман, Осман болон Австри-Унгар гүрэнүүд задран унаж байв. Англи, Франц, Орос, Италичууд нэгдэж Османы гүрний эсрэг босов. 1918 онд Османы гүрэн Холбоотнуудтай энх тайвны гэрээ байгуулсан юм. 1919 оны тавдугаар сард Анатолийн нутаг дэвсгэрийн нэгэн хэсгийг Грекчүүд авч, Францчууд нутгийн зүүн өмнөд хэсэгт ноёрхож, Анатолийн баруун хэсгийг мөн эзэлж эхэлсэн байв. Энэ үед Дарданелийн хоолойг Их Британи, Франц, Австрали, Шинэ Зеландын хамтарсан усан цэргийн хүчний эсрэг хамгаалах явцад, Османы гүрний армиас тодорч гарч ирсэн генерал Мустафа Кемал Ататурк өөрийн орны хил хязгаараа бүтнээр нь буцааж авах, тусгаар тогтнолоо хадгалах, гадны түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулах, шинээр өөрийн засаглан тунхаглах, Османы гүрнийг тархай бутархай байдлаас нь гаргаж, улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн шинэ улс байгуулах үйл ажиллагааг эхлүүлсэн байлаа. Ингээд 1922 оны 10 сарын 30-нд Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, Ататурк ерөнхийлөгчөөр нь сонгогдсон юм. Тэрбээр, улс төр, шашиныг нэг нэгээс нь ангид байлгах “secularism” зарчмыг тэр баримталж, араб цагаан толгойг латинаар сольж, эмэгтэйчүүдэд УИХ-д нэр дэвших, сонгох-сонгогдох эрхийг олгосон юм. Үүний зэрэгцээ олон нийтэд хэрэгжүүлж байсан өөрчлөлт шинэчлэлийн бодлого нь бүхэлдээ Турк улсыг орчин үетэйгээ хөл нийлүүлсэн, орчин үеийн улс болгоход оршиж байлаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ