Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг цахимаар шийдсэн хөтөлбөр Монголд анх удаа хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-03 12:58:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс, Эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засгийн сэргэлтийн сангийн дэмжлэгтэйгээр “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр” манай улсад анх удаа хэрэгжихээр болжээ.


Тус хөтөлбөр хэрэгжих болсонтой холбогдуулж Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбараас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Хөтөлбөрийн хүрээнд нийт 200 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгох ба одоогийн байдлаар 3-4 багт тэтгэлэг олгохоор төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, шинэлэг цахим шийдэл бүхий компаниудын шилдэг төслийг шалгаруулж, нэг багт 10 мянга хүртэлх ам.долларын тэтгэлэг олгох юм. Шалгарсан төслийн шийдэл, цар хүрээ, шаардагдаж буй хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаалан төсөл бүрд олгох тэтгэлгийн хэмжээ өөр өөр байна.


Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбарын Ерөнхийлөгч О.Байгаль хэлэхдээ энэхүү хөтөлбөрт төслөө хүргүүлж байгаа аж ахуй нэгж нь заавал эмэгтэй удирдлагатай буюу эмэгтэй ажилтантай байх шаардлагагүй. Хамгийн гол нь цар тахлын дараах эдийн засгийн хямралд өртсөн эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээх, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлийг санал болгосон байх ёстой гэв. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийн маягтыг ирэх даваа гаргаас хүлээн авч эхэлнэ. Үүнтэй холбоотой энэ сарын 6-ны өдрийн 12-14 цагт Гадаад харилцааны яаманд хөтөлбөр танилцуулах арга хэмжээ болох юм. Уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд тус байгууллагын foreignrelations@iwfci.mn хаягаар урьдчилан бүртгүүлнэ.


Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбар нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдон ажиллаж буй. Уг холбоо эдийн засаг, нийгэм, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор 1992 онд Австралийн Мельбурн хотод байгуулагдсан, дэлхийн 17 оронд салбар байгууллагатай ашгийн төлөө бус ТББ юм. IWFCI Mongolia салбар нь 2016 онд батламжлагдан, 2017 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа болохыг энэ үеэр танилцуулав.

 

 

 

Холбоотой мэдээ