ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Ногоочдод шинэ мэдлэг, мэдээлэл хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-06 14:06:22

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг бол газар тариалангийн гол бүс нутаг. Түүгээр зогсохгүй Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалдаг үндсэн том үүргийг хүлээсэн хөдөлмөрч түмэн.


Энэ ч утгаараа тус аймгийн 17 сум, 6 тосгон өөр өөрийн онцлогийг агуулсан брэнд бүтээгдэхүүнтэй болоод байгаа. Энэ удаа Зүүнбүрэн сумын брэнд болсон саримсны тухай хүргэе.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэд, ногоочдын брэнд болгож чадсан нэг зүйл бол нутгийн саримс. Энэхүү Зүүнбүрэнгийн гэх тодотголтой саримс нь өвөг дээдсээсээ уламжлан ирсэн. Тасралтгүй тариалсаар байгаа бөгөөд 100 жилийн түүхийг агуулсан гэдгээрээ ам дамжин алдаршсан бүтээгдэхүүн юм.

Түүхийн энэ урт хугацаанд сортын чанараа алдалгүй, улам сайжруулсаар өнөөдрийг хүрч буй нь тус сумын хөрс, тариалж буй газрын онцлог, ногоочид, иргэдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.


Энэ суманд саримс тарьдаггүй айл өрх гэж бараг үгүй. Зарим нь гэр бүлийнхээ хүнсний хэрэгцээнд тохируулан бага талбайд ургуулна. Зарим нь 1-1.5 га талбайд саримс тариалж, борлуулдаг өрхүүд ч цөөнгүй байдаг.


Тодруулбал, Зүүнбүрэн сумын 200 гаруй өрх жилд дунджаар 18 га орчим талбайд 80 гаруй тонн саримс тариалсан.

Саримс тарих ажил бол амаргүй аж. Учир нь ямар ч техник ашиглах боломжгүй, бүх ажлыг гараар хийдэг байна. Гэр бүлийн гишүүн бүр хөдөлмөрлөж байж, чанартай сайхан саримс ургуулж авч чаддаг хэмээн нутгийн иргэд ярьсан.

Зүүнбүрэнгийн саримс манай улсад тариалж байгаа бусад саримстай харьцуулахад илүү том булцуутай, хог багатай. Мөн импортоор орж ирж буй саримсаас ааг амт, хадгалалт сайн даадаг байдлаараа онцгой давуу, ялгаатай аж.


Саримсыг байгалийн антибиотик хэмээн иргэд маш ихээр хоол хүнсэндээ хэрэглэдэг. Нэн ялангуяа эрүүл мэндэд ямар их тустай байдгийг бид мэддэг. Зүүнбүрэнгийнхэн тариалсан саримсаа 25 ширхгээр хооронд нь сүлжиж борлуулдаг байна. Мөн айлууд сүлжмэл саримсаа гэрийнхээ үүднээс өлгөөд бага багаар нь авч хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай. Ингэж өлгөх нь саримсаа жигд хатааж, амин дэмийг нь ч алдагдуулахгүйгээр хадгалах хамгийн зөв сонголт аж.


Нөгөө талаас саримсыг хүнсэнд хэрэглэхээс гадна ариутгал, халдваргүйтгэлийн үед, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг аж. Учир нь ил үүдэнд өлгөсөн саримс нь муу энергийг гэрт оруулахгүйгээс гадна орчны нян вирусийг устгах чадалтай гэж үздэг байна. Нутаг нутгийн онцлог хийгээд тариаланчдын өөрсдийнх нь олж авсан амьдралын ухаан ямар ч ногоог тарьж ургуулахад нөлөөлдөг байна. Иймээс Зүүнбүрэн сумынхан саримсаа ийм олон жилээр тариалсаар нутгийн брэнд болгон хөгжүүлж ургуулж иржээ.


Нутгийн иргэдийн ярьж буйгаар хэдийгээр Зүүнбүрэнгийнхэн саримсаа хамгийн чанартай байдлаар нь тарьж ургуулж чадаж байна.

Тухайлбал, Зүүнбүрэн сумын ногоочин А.Лхагвасүрэн өөрийнхөө тарьж ургуулсан нутгийн брэнд болсон монгол саримсаар хоол зуушны амтат хачир болон эрүүл мэндэд тустай олон төрлийн дармал бэлтгэжээ. Түүний энэ монгол саримсын дармал нь ямар ч нэмэлт хольц, нөөшлөгч бодис ороогүй, эрүүл, органик гэдгээрээ давуу юм.

Эцсийн дүнд энэхүү брэнд болгон ургуулж чадсан бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгож хөгжүүлэхэд сав баглаа боодлыг нь стандартын дагуу шийдэх асуудал тулгардаг хэмээн тэд ярьж байв. Мөн олон төрлийн хүнстэй хольж, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээхэд мэдлэг, маркетингийн ажил дутагдаж байгаа гэв.


Хүнсний ногоо тариаланчдад туршлагаа солилцох, мэдлэгээ дээшлүүлэх, шинэ мэдлэг олж авахад анхаарч өгөхийг тэд хүсэж байгаа аж.


Холбоотой мэдээ