Хорин жил “гар дүрээгүй” газрын хуулийг багцаар нь шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-06 14:25:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран зохион байгуулж буй Газрын багц хуулийн төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.


Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Газрын хууль бол иргэн бүхэн, аж ахуйн сегмент, салбар болгонд хамаатай хууль. Тиймээс Газрын багц хуулийн төслийг шинжлэх ухаанч судалгаанд үндэслэн, олон талт оролцоог ханган сайтар хэлэлцэн батлах ёстой” хэмээн онцлов. 


Газрын тухай хууль дахь 61 давхардал, зөрчил, хийдлийг арилгана

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлээд байгаа юм. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд иргэний нийгмийн, орон нутгийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн бодлого хэрэгжүүлдэг бүхий л инцтитуцийн хүрээнд Газрын тухай хуулийн хэлэлцүүлгийг сайтар зохион байгуулах чиглэл өгсөн аж. Иймд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл болох 400 гаруй хүн өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож,

-Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, 

-Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай, 

-Газрын төлбөрийн тухай, 

-Кадастрын тухай, 

-Геодези, зураг зүйн тухай, 

-Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гэсэн долоон төслийг нэгдсэн болон салбар хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг сонсож, тодорхой саналуудыг авч байна.


Энэхүү багц хуулийн төслөөр 21 аймаг, нийслэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаагаас гадна зарим аймагт ажлын хэсгээс тусгайлан хэлэлцүүлэг хийж бцй. Өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын нэгэнд Хэнтий аймагт хэлэлцүүлэг зохион байгуулсан бол удахгүй Дархан-Уул, Орхон, Төв аймагт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Одоогийн байдлаар 20 аймаг, 9 дүүрэгт төслийг хэлэлцүүлж, 9097 оролцогчоос 4923 санал, d.parliament.mn цахим сайтаар 630 санал ирсэн болохыг УИХ-ын гишүүн, Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хэллээ.


Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн нийт хэрэг,

маргааны 23 хувийг газрын маргаан эзэлж байна

Одоогийн мөрдөж буй Газрын тухай хуулийг 2002 онд баталжээ. Хэрэгжиж эхэлснээс хойш 20 жил өнгөрсөн бөгөөд бусад хуулиуд батлагдсантай холбогдуулан зөвхөн Газрын тухай хуульд нийтдээ 32 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. ХЗДХЯ-аас хийсэн судалгагаар Газрын тухай хуульд нийт 61 давхардал, зөрчил, хийдэл байгааг тогтоожээ. Манай улсын нийт 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний актаар газрын харилцааг давхар зохицуулж байгаа нь газрын харилцааны хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, иргэд, олон нийтэд ойлгомжгүй байдал, нийгэмд сөрөг үр дагаврыг бий болгож байна гэж үзжээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын мөн үеэр хэлсэн үгэнд сүүлийн 10 орчим жил захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн нийт хэрэг, маргааны 23 хувийг зөвхөн газрын маргаан эзэлсэн болохыг дурдсан. Үүний зэрэгцээ газартай холбоотойгоор хот сууринд болон хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудал харилцан адилгүй байна. Хот суурин газрын хувьд газрын нэгдсэн төлөвлөгөө, хот байгуулалт, дэд бүтэц, салбар хоорондын бодлогын уялдаа алдагдсанаас Улаанбаатар хот иргэдэд ээлгүй, түгжрэлтэй, хэт төвлөрсөн, үүнийгээ дагаад орчны бохирдол, агаарын бохирдол гэх мэт асуудлууд хуримтлагдсан таагүй нөхцлийн үүр болоод байгаа бол хөдөө орон нутгийн хувьд нэн тулгамдаж буй асуудал бол бэлчээрийн ашиглалт, доройтлын асуудал юм гэж тэрбээр тэмдэглэсэн юм. 


Шинээр газар өмчлөх хүсэлтийг 90 хоногт шийддэг байсан бол

30 хоногт багтаан цахимаар шийдвэрлэнэ

МУИС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор Г.Гантулга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөлд туссан голлох заалтуудын тухайд хэлэхдээ “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй багц хуулийн хүрээнд 480 гаруй иргэн, аж ахуй нэгж газар эзэмшиж, 680 мянган иргэн газраа өмчилсөн дүн мэдээ бий. Гэлээ гэхдээ эдгээр хууль нь хэрэгжиж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрөөд буй. Иймд олон улсын иргэний ижил эрх зүйтэй орнуудын хуулийн жишигт нийцүүлэх шаардлага үүссэн. Тухайлбал, дундын өмчлөлийн газрын эрх гэсэн ойлголт шинээр орж ирж байх жишээтэй. Энэхүү ойлголт нь 2002 онд Иргэний хуульд туссан ч газартай холбоотой харилцаанд иргэд төдийлөн сайн мэддэггүй. Иймд иргэний эрх зүй, газрын эрх зүй нь өөр хоорондоо уялдаж байж, жинхэнэ утгаараа хэрэгжилт нь хангагдана. Одоогийн хуулийн төсөлд газрыг зөвхөн эрчим хүч, зам, шугам сүлжээ зэрэг инженерийн дэд бүтцэд холбогдсон эсвэл холбогдохоор төлөвлөсөн газарт өмчлүүлэхээр заасан. Түүнчлэн иргэд хэнд, хэзээ, ямар албан тушаалтан газар өгөв гэдэг гээд хяналт тавих бололцоо бүрдэх юм. Иргэний шинээр газар өмчлөх хүсэлтийг 90 хоногт шийддэг байсан бол 30 хоногт багтаан цахимаар шийдвэрлэнэ. Нэгэнт Монгол Улсын иргэн болж төрсөн бол танд газар өмчлөх эрх чинь үүснэ. Өөрөөр хэлбэл, хугацаанд баригдахгүй гэсэн үг. Насанд хүрсэн хойноо тухайн хүүхэд газраа сонгож, хуульд туссан эрхээ эдлэх боломжтой. Өмнө нь хуулийн хугацаа дууслаа гэдэг байсан. Эл ойлголт тэгэхээр байхгүй болох юм” гэлээ.


Үдээс өмнөх нэгдсэн хэлэлцүүлгээр МУИС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор Г.Гантулга “Газрын багц хуулийн төслийн үр нөлөө, практик ач холбогдол”, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, доктор Н.Баярмаа “Өмчийн эрхийн тэгш байдал: Газрын харилцааны зэрэгцээ тогтолцоо”, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны тэргүүн О.Хосбаяр “Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, Зөвлөх архитектор Э.Дондмаа “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдвээр тус тус илтгэл тавьсан. Үдээс хойших хуралдаан салбар  гурван хэлэлцүүлгээр үргэлжилнэ. 


Холбоотой мэдээ