ЗАВХАН: Жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр 16 сум урамшуулал авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 16 сум энэ онд "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс 615 сая төгрөгийн урамшуулал авна.
Тодруулбал, сумдын орон нутгийн хөгжлийн
санд "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс жилийн гүйцэтгэлд нь үнэлгээ
хийгээд, эрэмбэлж, дэлхийн банкны санхүүжилтээр урамшуулал олгодог.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын “Орон нутгийн хөгжлийн сан” (ОНХС)-ийн үйл ажиллагаанд 2016 оноос эхлэн жил бүр жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг.
Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь “олон нийтийн оролцоо”, “төлөвлөлт”, “ил тод байдал”, “хэрэгжилт”, “хяналт, шинжилгээ-үнэлгээ”, “өмчлөл” гэсэн зургаан бүлгийн нийт 34-35 үзүүлэлтээр сумдын ОНХС-ийн үйл ажиллагаа, засаглалыг үнэлдэг үнэлгээ юм.
Завхан аймгийн тухайд Орон нутгийн
хөгжлийн сангийн 2021 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр, 2022 онд 10
сум урамшуулал авсан байна. Тухайлбал Баянхайрхан, Баянтэс, Нөмрөг, Шилүүстэй,
Цэцэн-Уул, Асгат, Цагаанхайрхан, Отгон, Цагаанчулуут, Идэр сумууд нь 60-68
хувийн урамшуулал буюу нийт 127,961.33
мянган төгрөгийн дэмжлэг авчээ.
ОНХС-ийн хөрөнгө оруулалт нь иргэдийн саналд тулгуурлан хэрэгждэг учраас иргэд саналаа өгөх, хяналт тавих, мэдээлэл авах байдлаар оролцох эрхтэй байдаг.
Мөн жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд иргэдийн оролцооны
бүлэг гэсэн үзүүлэлт байдаг тул тухайн сумын албан хаагчид иргэдээ оролцуулсан
байдал, иргэд нь хэр идэвхтэй оролцсон зэргийг мөн авч үздэг. Түүнчлэн сумдын үнэлгээ сайн гарах тусам ОНХС-ийн төсөв
дээрээ урамшуулал нэмж авдаг, түүгээрээ сумынхаа иргэдэд хэрэгцээтэй байгаа
хөрөнгө оруулалтыг хийх боломжтой учраас сумын албан хаагчид хууль журмын дагуу
үйл ажиллагаагаа зөв зүйтэй явуулж, иргэд нь ч хяналт тавьж, оролцоогоо
нэмэгдүүлэх бүрэн эрхтэй юм.
Завхан аймагт 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн 11.9 тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амыг харгалзан үзэж хуваарилдаг. Тухайлбал, алслалт 30 хувь, хүн амд 40, нутаг дэвсгэрийн хэмжээ 30 хувь гээд нийт 100 хувь гэж бүрдээд энэ итгэлцүүрээр хуваарийг сумуудаар гаргаад сангийн яамнаас орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг баталдаг.
2022 оны төсвийн тухай хуульд зааснаар орон нутгийн хөгжлийн сангийн 50 хувийг нь сумуудад, 50 хувийг нь аймгийн орон нутгийн хөгжлийн санд зарцуулна гэж заасан. Энэ хуулийн дагуу 2023 онд Завханы 24 суманд 5.5 тэрбум, аймагт 5.5 тэрбум гээд нийт 11 тэрбум төгрөгийн төсөв хуваарилагдсан байна.
Иргэд “Орон нутгийн хөгжлийн сан”, E-Mongolia гар утасны аппликейшн болон www.onhs.mof.gov.mn цахим хуудсаар дамжуулан амьдарч буй баг, хороо, сум, дүүрэгтээ хэрэгжүүлэх төсөл, хөрөнгө оруулалтын саналаа өгөх боломжтой юм. Мөн иргэн ОНХС-ийн саналаа жил бүр 1-6 дугаар сард өгдөг. Өнгөрсөн жилээс эхлэн ОНХС-ийн саналыг улс орон даяар цахимаар авч эхэлсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 208 мянга орчим иргэн цахимаар саналаа өгчээ. Харин Завхан аймгийн тухайд 609 иргэн цахимаар саналаа өгсөн байна. Санал асуулгыг цахимаар авах нь цаг зав хэмнэж, мэдээллийг ил тод шуурхай болгож байгаагаас гадна төрийн алба хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа. Тиймээс иргэдийг цахимаар саналаа идэвхтэй өгөхийг зөвлөж байна. Ер нь иргэд өөрийн оршин суугаа сум, аймаг, баг дээрээ ямар тулгамдсан асуудал байгааг хэлэлцэж, орчноо сайжруулах, нэн шаардлагатай, хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалтуудад саналаа өгөх бүрэн боломжтой гэж аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээлэв.