Монгол-Оросын хамтарсан форум зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-10 14:05:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Орорсын хамтарсан форумын 2 дугаар сарын 14-15-нд Улаанбаатарт хотод зохион байгуулна.

Форумд оролцохоор ОХУ-аас 70 тур компани, хэвлэл мэдээллийн 30 төлөөлөгч ирнэ. Энэ үеэр Монгол Улс жуулчдыг татах ,аялал жуулчлалын 12 сэдвээр 60 гаруй бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөжээ. Харин ОХУ-ын аялал жуулчлалын экспертүүд өөрсдийн орны жуулчдын онцлогийг танилцуулахаас гадна хэвлэл мэдээллийн төлөөллүүд нь орос жуулчдын очих дуртай газруудыг сурвалжлах юм.


Форумын ерөнхий зохион байгуулагч М.Есөнмөнх хэлэхдээ, “Зочлох жилийн хүрээнд олон жуулчин авахын тулд зорилтот зах зээлээ улс орноор нь ангилсан. ОХУ-ын зах зээл дээр 11 дүгээр сараас хойш ажиллаж байна. Тус улсын тур компаниудыг Монголд авчирч яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн 3 сарын хугацаанд монгол аялал зохион байгуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, бичвэр блог хийх зэргээр таниулснаар 1 дүгээр сард 4 мянган жуулчин хүлээн авлаа. Зорилтот зах зээлд нь тохирсон маркетинг хийснээр жуулчин ирэх сонирхол бүрдэнэ” гэв.



Монгол Улс энэ онд ОХУ-аас 200-250 мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөөд байна. Харин 2018 онд 100 мянга, 2019 онд 140 мянга, 2022 онд 140 мянга гаруй орос жуулчин хүлээн авч байжээ.


Тус форумын дараа БНТУ, БНСУ, БНХАУ, Япон гэх мэт улс орноор нь онцолж, тухайн улс орны тур компаниудыг авчрахаар төлөвлөөд байгаа аж. 

Холбоотой мэдээ