The Telegraph: Монгол Улс бол асар их боломж бүхий эдийн засгийн шинэ тоглогч

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-17 16:55:08

ЛОНДОН. /The Telegraph/. Их Британийн “The Telegraph” сонинд гарсан Монголын тухай нийтлэлийг толилуулж байна.


Монгол Улс бол зөвхөн алтны уурхай бус дэд бүтэц, боловсрол, санхүү, ногоон эрчим хүч зэрэг хөрөнгө оруулах өргөн боломжоор дүүрэн орон юм. 


Хэн нэгнээс Монголын талаар санаанд тань юу бууж байна вэ гэж асуувал олон зууны турш өөрчлөгдөөгүй нүүдлийн соёл иргэншилтэй, Төв Азийн өргөн уудам газар нутагтай орон гэж хариулах байх. Орчин үеийн эдийн засгийн асуудлаас хол тусгаарлагдсан улс гэж ч хариулж магад.


Мэдээж найзын тань зөв байж магад. Монгол бол дэлхийн хамгийн сийрэг хүн амтай буюу нэг хавтгай дөрвөлжин бээр газар ердөө зургаан хүнд оногддог улс билээ. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18 дугаарт жагсдаг тус улс 3.3 сая хүн амтай бөгөөд нийт хүн амынх нь бараг тал хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо оршин суудаг. Хүн амынх нь гуравны нэг нь одоо ч нүүдлийн, хагас нүүдлийн хэв маягаар амьдарч байна. Гэхдээ 2011 онд “Citibank”-ны эдийн засагчдын гаргасан тайланд Монгол Улсыг “дэлхийн өсөлтийн үүсгүүр” гэж нэрлэгдсэний дараа дэлхий нийтээрээ тус улсыг “бараг гар хүрээгүй”, асар их боломж бүхий хөгжиж буй эдийн засаг хэмээн анзаарч эхэлсэн юм.


Монгол Улсын нөөц боломж үндсэндээ байгалийн баялагтаа суурилдаг хэдий ч хоёрдогч, гуравдагч худалдаа, хөрөнгө оруулалтын олон боломжууд бий. 6000 орчим эрдэс баялгийн нөөцтэй тул уул уурхайн салбар тус улсын ДНБ-ний 25 хувийг, экспортын 84 хувийг бүрдүүлж байгаа нь тийм ч гайхмаар тоо баримт биш юм. Мөн тус улсын газар нутгийн дөрөвний нэг орчимд л зохих судалгаа хийсэн гэх тооцоо бий.


Шинжээчид тус улсыг 1-3 их наяд ам.долларын түүхийн эдийн баялаг нөөцтэй гэж таамаглаж байна. Энэ нь уул уурхайн салбарын геологийн эрэл хайгуул, олборлох, боловсруулах, судлах чиглэлээр мэргэшсэн хүмүүст болон уул уурхайн машин тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн хувьд өргөн боломжийг нээж өгч байна. Гэхдээ уул уурхайн шинэлэг, байгаль орчинд ээлтэй аргуудыг ихээхэн сонирхож байгаа бөгөөд уул уурхайн салбар хэдий чинээ эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн болж чадна төдий чинээ оролцогч талуудад ашигтай. 


Байгалийн баялгийн нөөцөөс гадна түүхий эдийнхээ худалдааг үр ашигтай явуулахын тулд Монгол Улс нь тээврийн дэд бүтцээ сайжруулахад онцгой анхаарч байна. Ялангуяа төмөр замын бүтээн байгуулалт болон холбогдох үйлдвэрүүд ойрын ирээдүйн тэргүүлэх чиглэл болоод байна. Далайд гарцгүй, цөөн тооны нисэх онгоцны буудалтай тул тус улс нь автозамын болон төмөр замын тээврийн сүлжээнээс ихээхэн хамааралтай байдаг билээ.


Үүний нэгэн адил уул уурхайн салбарын тэлэлт нь шинэчлэх шаардлагатай байгаа эрчим хүчний системд илүү их шаардлага тавигдаж эхэлнэ. Монголын Засгийн газар дэлхийн нийтийн чиг хандлагын дагуу, тэр дундаа нэг хүнд ногдох нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх хамгийн чадамжтай улс гэж үнэлэгдсэнтэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний нөөцөө судлахыг зорьж байна. Тус улс 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэх том зорилт тавьжээ.


Байгалийн баялгийг эргэлтэд оруулахтай холбоотой бусад үйл ажиллагааг дурдвал, Монголын уул уурхайн хэд хэдэн компани “IPO”-гоо гаргахаар идэвхтэй ажиллаж байна, Түүнчлэн Улаанбаатар хотод олон улсын санхүүгийн төв байгуулах хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Их Британийн банкууд, зөвлөх пүүсүүд болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн туршлага нь тус улсын санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах боломж бий.


Монгол Улсын эдийн засгийн боломжуудтай зэрэгцэн боловсролын салбарт тогтвортой хөрөнгө оруулах шаардлага тулгарч буй. Тус улс нь бага, дунд боловсролын сайн тогтолцоотой, мөн 1993-2010 оны хооронд бакалаврын зэрэгтэй оюутнуудын тоо зургаа дахин нэмэгдэж, их дээд сургуулиудын тоо ч мөн адил нэмэгджээ. 


Гэсэн хэдий ч багш нарт зориулсан сургалтыг сайжруулахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны түншлэл, алслагдсан орон нутгийн сургуульд анхаарах, англи хэлний сургалтыг өргөжүүлэн сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага байсаар байна. Уул уурхай, дэд бүтцийн салбарыг өргөжүүлэхэд туслах мэргэшсэн боловсон хүчнийг ихэвчлэн корпорацуудын дэмжлэгтэйгээр бэлтгэдэг бөгөөд инженерчлэл, геодези, геологи, нийтийн аж ахуйн менежмент, хот төлөвлөлт зэрэг салбарт боловсон хүчний эрэлт ирэх жилүүдэд улам өсөх төлөвтэй байна.


Монгол Улсад түүхий эдээс эхлээд хот байгуулалт хүртэл асар их нөөц бололцоо бий бөгөөд энэ нь амжилтынхаа түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, түүний нэг хэсэг болохыг эрмэлзэж буй Их Британийн компаниудад том боломж болж байна.

Холбоотой мэдээ