ЗАВХАН: Аймгийн аварга малчнаар 108 малчныг шалгаруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-20 13:10:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 1000 малчны чуулга уулзалт болж, малчид бэлчээр, малын эрүүл мэндийн талаар зөвлөлдлөө.

Малчдын залгамж халааг бэлтгэх, залуу малчдыг мал маллагааны арга барилд сургах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой малчдын чуулганд 24 сумын малчид оролцсон.

Чуулганд оролцогчдод малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах ямар боломж байгаа талаар Малын удмын сангийн үндэсний төвөөс мэдээлэл өглөө. Түүнчлэн Хурдан морины уяа сойлго заслын тухай арга туршлагаасаа Монгол Улсын тод манлай уяач Г.Батчулуун, малын индексжүүлсэн даатгал, малчдын хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримталж буй бодлогын талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгсөн юм. 


Чуулганд оролцогч малчдаас бэлчээрийн талхлагдалтыг бууруулах, бэлчээрийн нөхөн сэргээлт, бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулах. Малын тоо толгойгоо бууруулж, бэлчээртээ тааруулж цөөн тооны чанартай малыг хариулдаг болох. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах. Усалгаатай газар тариалангийн аж ахуйг сум бүр хөгжүүлж, малын тэжээлийг малчидтай хамтран тариалдаг болох.

Энэ асуудал дээр төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Малын эрүүл мэндийг хамгаалахад малчид, мал эмнэлгүүд хамтран ажиллах. Малчдын эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарах гэхчлэн асуудлуудаар ярилцжээ. Энэхүү чуулганаас гарсан санал зөвлөмжийг 24 сумын ЗДТГ, мал эмнэлэг үржлийн газар, сум бүрийн бэлчээр ашиглагчдын хэсэг, малчид хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

 

Малчдын чуулганд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцож: “Завхан аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 55,7 хувийг мал аж ахуйн салбар дангаараа бүрдүүлж байгаа нь малчин түмэн маань аймаг, орон нутгийнхаа хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр юм. 

Малчин олон түмнээ дэмжсэн олон талт ажлыг авч хэрэгжүүлэхээр 2021-2025 онд Завхан аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, жил жилийн аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байгаагаа дурдаж,


“Малчин гэдэг бол нийгмийн нэг бүлэг төдий ойлголт, нэршил нэгэнт биш болсон. Малчин бол мэргэжил, малчин бол бизнес эрхлэгч, малчин бол ажил олгогч, малчин бол баялаг бүтээгч, малчин бол манлайлагч болсон” гэдгийг зориуд тодотгон хэллээ.

Мөн хүрээлэн буй орчин, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд малчин та бүхэн оройлон оролцох шаардлага бий болжээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарал, хүний хүчин зүйлээс үүдэлтэйгээр бий болсон сөрөг нөлөөллөөс байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах. Гол горхи, нуур цөөрөм, гүний цэвэр ус, бэлчээр нутгаа зохистой ашиглах ёстойг бид ухамсарлан ойлгох, ярилцах цаг болжээ. Малынхаа ашиг шимд голлон анхаарч, тооноос чанарт шилжих хөгжлийн зүй тогтлыг баримтлан ажиллахыг цаг үе шаардаж байна. Өөрөөр хэлбэл, нүүдлийн мал аж ахуйгаа хөгжүүлэхээс гадна малын үүлдэр угсаагаа улам бүр сайжруулан, алсдаа уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан хагас эрчимжсэн, эрчимжсэн мал аж ахуйг давхар хөгжүүлэх цаг үеийн шаардлага бий болж байгааг дуулгаж, энэ чуулганаар хэлэлцэн ярилцахыг хүслээ”.  

 



1934 онд “Мэргэн сайд” Агданбуугийн Амарын санаачилгаар улсын хэмжээний бүх аймаг, сумдын тэргүүний хашир туршлагатай малчдын зөвлөгөөнийг анхлан хуралдуулж, “БНМАУ-ын сайн малчин” цол олгох шийдвэрийг гаргасан байдаг. Улсын хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтыг биелүүлсэн малчдад 1942 онд дээрх цолыг олгоход, Завхан аймгаас Улсын сайн малчин 28, Аймгийн сайн малчин 46 төрөн гарсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.


Завхан аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Завхан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр 8, “Аймгийн аварга малчин өрх”-өөр 100, нийт 108 гэр бүлийг шалгаруулан алдаршуулжээ.


Эдгээр малчдын шагналыг 1000 малчны чуулга уулзалтын үеэр гардуулан өгсөн байна.

Завхан аймгийн 9,9 мянган малчин өрхөөс ажил, үйлсээрээ тэргүүлсэн 108 малчин өрх болон морь уях арга ухаанаа өвлүүлэн хөгжүүлж, яваа удам дамжсан уяачдыг алдаршууллаа. Ийнхүү энэ жил шинээр “Аймгийн алдарт уяач”-аар тодорсон уяаны эзэн 9 уяач шагналаа гардлаа гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.



 

Завхан аймагт 16.5 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна

Малчдын 23.6 хувь нь 16-34 насны залуучууд, 61.7 хувь нь 35-59 насны хүмүүс, 14.7 хувь нь тэтгэврийн насны хүмүүс байна.

Харин 9.9 мянган малчин өрхтэй, өмнөх онтой харьцуулахад малчин өрх 424-өөр өсөж, мал бүхий өрх 330-аар буурсан байна. Нийт малчдын 31.0 хувь нь арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй. Зээлтэй малчдын 17 хувийг 25-34 насны, 33 хувийг 35-44 насны, 32 хувийг 45-54 насны малчид эзэлж байна. Харин 40.2 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна.  Нийгмийн даатгалд хамрагддаг малчдын 67 хувь нь 35-54 насныхан байна.

Нийт малчин өрхийн 1.7 хувь нь 10 хүртэл малтай, 4.8 хувь нь 11-30 малтай, 11.2 хувь нь 51-100 малтай өрх байна. Малчин өрхийн 44.9 хувь нь 200 хүртэл малтай бол, 5.7 хувь нь 1000-аас дээш малтай өрхүүд байна.   









Холбоотой мэдээ