ЗАВХАН: Энэ жил долоон малчин Монгол Улсын аварга малчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-20 14:29:02

Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улс, сар шинийн баярын өмнө малчин түмнээ манлайлан хөдөлмөрлөсөн улсын аварга малчдаа шалгаруулан шагнадаг уламжлалтай билээ. Энэ онд Завхан аймгаас "Улсын хошой аварга малчин" нэг, "Улсын аварга малчин" зургаа тодорсон бөгөөд шагналыг Улсын Их хурлын гишүүн Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, ИТХ-ын дарга Н.Тамир нар гардуулан өглөө.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар, Их-Уул сумын Цэцүүх багийн харьяат, Улсын аварга малчин Гомбосүрэнгийн Батбаярын гэр бүл Монгол Улсын "Хошой аварга малчин өрх”-өөр шалгарчээ.

Мөн Ургамал сумын Тосгуур багийн малчин Сүхбаатарын Баярмагнай, Нуур зөөхий багийн малчин Чимэдцэрэнгийн Цэвэгдорж, Их-Уул сумын Зарт багийн малчин Чимэдцогзолын Мягмарсүрэн, Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Балжирын Мэндбаяр нарын гэр бүл "Аварга малчин өрх”-өөр шалгарчээ. Түүнчлэн Завханмандал сумын Олон булаг багийн малчин Базарын Баттөр, Цагаанчулуут сумын Жавцаг багийн малчин Цээхүүгийн Нямхүү нарын гэр бүл "Аварга малчин өрх”-өөр тус тус шалгарсан байна.

Энэ жил 100 жилийнхээ түүхт ойтой золгож буй Завхан аймгийн Завханмандал сум ах, дүү улсын аварга малчинтай боллоо.

-Учир нь хоёр жилийн өмнө Олонтүрүү багаас Базарын Санж улсын аварга малчин болж байсан бол өнөө жил түүний дүү Базарын Баттөр Олонбулаг багийн анхны Улсын аварга малчнаар тодорчээ. Аварга малчин Б.Баттөр, гэргий П.Мягмарсүрэн нар нь 10 гаруй өрхийг малжуулсан бөгөөд бэлчээрийг сэлгэх, малаа эрт тарга тэвээрэг авахуулах. Сүргийнхээ бүтцийг сайжруулах, намартаа отор нүүдэл хийх тал дээр илүү анхаарч, мал маллах арга туршлагаасаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд онцгой анхаардаг малчин аж. Эднийх малаа дөрвөн төрөл дээр нь өсгөж, олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлэн улсын аварга малчин болжээ.

Завхан аймгийн Их-Уул сумаас Монгол улсын хошой аварга малчин төрлөө.

-Монгол Улсын Аварга малчин хэмээх мал аж ахуйн салбарын эрхэм дээд шагналыг хоёр удаа хүртэж буй Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Г.Батбаяр, Г.Батцэнгэл нар нь малаа дөрвөн төрөл дээр нь өсгөж, орон нутгийнхаа залуу малчдыг мал маллах арга ухаанд сурган, 10 гаруй өрхийг малжуулжээ. Эднийх малынхаа сүү цагаан идээ, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, бэлчээрийг сэлгэх, хамгаалахад сум орон нутагтаа үлгэр дуурайл үзүүлдэг удмын малчид аж.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Б.Мэндбаяр, Н.Мөнхжаргал нар Монгол Улсын аварга малчин цолыг хүртлээ.  

Малчин Б.Мэндбаяр нь малынхаа чанарт голчлон анхаардаг бөгөөд жил бүр малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, зуны сүүл сар, намрын эхэн сард малын тарга хүч, эрүүл мэндэд нь анхаарч, отор нүүдлийг эрт хийх арга туршлагатай ажээ. Тэрээр өөрийн хоёр хүүдээ мал маллах арга ухаан, туршлагыг өвлүүлэхээр зааж, сургаж байгаа аж.


1934 онд “Мэргэн сайд” Агданбуугийн Амарын санаачилгаар улсын хэмжээний бүх аймаг, сумдын тэргүүний хашир туршлагатай малчдын зөвлөгөөнийг анхлан хуралдуулж, “БНМАУ-ын сайн малчин” цол олгох шийдвэрийг гаргасан байдаг.

Улсын хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтыг биелүүлсэн малчдад 1942 онд дээрх цолыг олгоход, Завхан аймгаас Улсын сайн малчин 28, Аймгийн сайн малчин 46 төрөн гарсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.



Холбоотой мэдээ