БАЯНХОНГОР: Уулын цоохор ирвэс талд буугаад амарч байхтай таарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-26 09:56:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд суманд /2023.02.23/ уулын цоохор ирвэс талд буугаад амарч байхтай нутгийн иргэд таарчээ.


Ирвэс талд буусан байх нь ховор бөгөөд эл үзэгдлийг гар утасны дуранд буулгаж амжсан байна. 


Богд сум нь уул тал хосолсон уудам цэлгэр баялаг нутагтай говийн бүсэд багтдаг бөгөөд сумын төв Улаанбаатар хотоос 750 км, аймгийн төвөөс 130 км зайтай оршдог. Зүүн талаараа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Өлзийт сум, баруун талаараа Баянхонгор аймгийн Жинст, Баянговь, Баянлиг сумтай залгадаг.


Говь-Алтайн нурууны ноён оргил, далайн түвшнээс 3957 метр өндөр Их Богд уул, түүний салбар Багабогд, Жаранбогд, Дулаанбогд зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай Орог нуур, Холбоолжийн их бага улаан давст нуур, Түйн голын цутгалан зэрэг тогтмол ба урсгал устай гол, нуурууд байдаг үзэсгэлэнт газар юм.


Ан амьтдаас аргаль, янгир ямаа, шилүүс, ирвэс, хар сүүлт, зээр, үнэг, мануул, туулай, тарвага, чоно, хярс, цагаан үен, өмхий хүрэн, суусар, дорго, шар зурам, бозлог зэрэг ховор ан амьтадтай. Ичээтэй, Битүүтэй, Их, Бага нарийн, Элгэн зэрэг голуудтай. Ангир, нугас, хун, цахлай, тогоруу, тоодог, зэрэг усны шувууд, тас бүргэд, шар шувуу, ууль, хон хэрээ, ногтруу, хулан жороо, ятуу, гөтүү, хойлог зэрэг жигүүртэн шувуудтай нутаг юм.


Их Богд уулын орчмын ургамал, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөний улмаас устах буюу дүрвэн ховордож байгаа аргаль, янгир, ирвэс болон бусад амьтныг тусгайлан хамгаалах зорилгоор Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумын хил зааг орчмын 262.856 га талбайг УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Холбоотой мэдээ