Ю.Цэдэнбал агсны цол тэмдгийг буцаан олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-01 13:36:05

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, Ю. Цэдэнбал агсны “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгийг буцаан олгож, “Монголбанкны Хүндэт дэвтэр”-т бичжээ.

Ю.Цэдэнбал нь 1939 оны долдугаар сараас Сангийн Яамны сайдаар ажиллажээ. Эл хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан юм. Тухайн үед түүнийг “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан ч Улсын банкны ерөнхий хорооны даргын 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалаар хураасан байдаг.

Энэ онд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн Б/499 дугаар тушаалаар 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, цол тэмдгийг нь буцаан олгожээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ