Н.Номтойбаяр: Ажил олгогчдын бодлогыг сургалтын хөтөлбөртэй уялдуулах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-01 15:09:21

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Суреш Бабу нар өнөөдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тэр дундаа хөнгөн үйлдвэр, урлал урлахуйн салбарын хөгжлийн түүчээ болсон ур чадвартай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж ирсэн 50 жилийн түүхтэй Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн  багш сурагчдад УИХ, Засгийн газрын өмнөөс хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж Н.Номтойбаяр сайд үг хэллээ.

Тэрбээр, “Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжилтнийг МСҮТ-үүд бэлтгэдэг. Гэвч сургуулийн нэр хүнд, сурч буй оюутан залуус, багш, ажилтнуудын үнэ цэнэ сул байгаа нь энэ салбарт бодлогын томоохон шинэчлэл хийх цаг нь болсныг харуулж байна. Шинэчлэлийн хүрээнд нэн тэргүүн ажил олгогч талын бодлогыг МСҮТ-ийн сургалтын хөтөлбөртэйгөө уялдуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, залуус ажил олгогчийн захиалгын дагуу суралцаж төгсөөд шууд ажлын байртай болдог байх ёстой. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төгсөгчдөд хувиараа ажил хөдөлмөр эрхлэхэд бизнесийн гарааны дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр заасныг хэрэгжүүлэх, МСҮТ, политехник коллеж төгсөөд тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласан залуусыг их дээд сургуульд суралцахад давуу тал олгох чиглэлээр ажиллах болно” хэмээв.

1965 онд нийтийн ахуй үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсанаас хойш  45  мянган  мэргэжилтнийг бэлтгэсэн тус сургууль энэ хичээлийн жилд хамгийн олон буюу 32 мэргэжлээр 600 гаруй суралцагч элсүүлснээр нийтдээ 1300 орчим оюутан сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ онд БНЭУ-ын 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар сургалтын материаллаг баазаа сайжруулж, гагнуур, хэвлэлийн ажилтан, үйлдвэрийн цахилгаан, электрон техник, мехатроник мэргэжлийн орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон  лаборатори, хичээл, дадлагын байртай болжээ.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж улс, орны хөгжлийн түлхүүр болсон гар урлал, үйлдвэрлэл, үйлчилгээний 30 гаруй мэргэжлээр ерөнхий боловсролын сургуулийн ес болон арванхоёрдугаар анги төгсөгчдийг сургадаг. Мөн насанд хүрэгчдийг зах зээлийн эрэлт, ажил олгогчдын шаардлагад нийцүүлэн 1-3 жилийн хугацаанд сургаж хөдөлмөрийн ур чадвар эзэмшүүлдэг аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ