ЗАВХАН: Монгол бахархлаа таниулсан нээлттэй өдрүүд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-02 16:03:52

Улиастай /МОНЦАМЭ/. Монгол бахархлаа таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой музейн нээлттэй өдрүүд Улиастайд үргэлжилж, давхардсан тоогоор 200 гаруй хүн музей үзжээ.

Соёлын сайдын тушаалаар гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдрүүд” болгон зарласан. Эдгээр өдрүүдэд, улс даяар төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний нэгдмэл үнэт зүйлсээ эрхэмлэн, түүх уламжлал, соёлын өв, давтагдашгүй түүхээ хойч үедээ таниулан сурталчилна.

Тиймээс монгол бахархлаа өвлүүлэн уламжлуулах улс орон даяар өрнөж байгаа музейн нээлттэй өдрүүдээр аймгийн музей нээлттэй ажиллаж эхэлсэн. Ер нь музей үзэх бүрийд тэнд үндэсний түүх, соёлоо таних мэдэх, өвлөн уламжлах үйл явц өрнөж байдаг учраас хүн бүрийг хамт олон, гэр бүлээрээ музей үзэн, мэдээлэл авч, түүхэн ач холбогдлыг нь таньж мэдэхийг хүсэж байна. Завхан аймгийн Орон нутгийн музейн засварын ажлаас шалтгаалан зөвхөн Алдартны музейг үзүүлнэ. Мөн нээлттэй өдрүүдийн хүрээнд, эх орончдын өдөрт зориулсан ахмад дайчид, энхийг сахиулагчдын уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

Ахмад дайчид, энхийг сахиулагчидтай хийсэн уулзалтад, Улиастай сумын дэвшил сургуулийн 11,12-р ангийн сурагчид оролцов.


"Шагайн наадгай" боловсролын хөтөлбөрийн контентыг сумын ерөнхий боловсролын сургуулиудын суралцагчдад цахимаар хүргэж, "Үзмэрийн танилцуулга" зэрэг үйл ажиллагааг эдгээр өдрүүдэд зохион явуулж байна. Харин аймгийн төв, Улиастай сумын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд музейн танхимд ирж, үзмэрүүдийн талаарх мэдээллийг авахаас гадна шагайн наадгайн талаарх танин мэдэхүйгээ дээшлүүлж, шагайн наадгайгаар тоглох боломжийг олгож байгаа юм.





Нээлттэй өдрүүдийн хүрээнд Алдартнуудын музейг 3 дугаар сарын 1-3-нд 9.00-18.00 цаг хүртэл, 3 дугаар сарын 4,5-нд 10.00-17.00 цагийн хуваариар үзүүлж байна.


Музейн нээлттэй өдрүүдээр "Үйчүүр" тоглоомын тухай сургалт мэдээллийг өгч байна

Монголчуудын тоглоом наадгайн бүтэц, тоглох арга, цаг хугацаа, ёс бэлгэдэл нь нэгэн цул болсон ардын билиг ухааны биеэ даасан ухаан мэдлэг, уламжлал болж өнөөдрийн бидэнд хадгалагдан, өвлөгдөж ирсэн байна.

Монгол тоглоомын гарал үүслийг мөшгөн үзвэл, монгол нутагт аж төрж байсан эртний нүүдэлчдийн чулуун тоглоомоос түмэн оньсыг тайлах, оюун ухааны төгс наадгайн их өв сан бий болжээ. Монгол түмний тоглоом нь чулуун тоглоом, аман тоглоом, шагайн наадмууд, эвлүүлэх наадмууд, уран үгсийн наадам, гар хураагаар тоглох, гогцоо тайлах, оньслох болон хөлөгт тоглоомын арвин баян хөмрөгтэй байдаг. Судлаачид Монголын уламжлалт тоглоомыг 15 бүлгийн 800 гаруй төрөлд багтаж буйг дурдсан байдаг. Зөвхөн хөлөгт тоглоом л гэхэд 130 гаруй төрлийн тоглоом бүртгэгдсэн байна.


Тиймээс Монголын уламжлалт тоглоом “Үйчүүр”-ийг хүүхэд залуучууд, албан байгууллага, хамт олонд зааж сургах, танилцуулах, сурталчлах, өвлүүлэх зорилгоор энэ өдрүүдэд сургалт явуулж байна.

Үйчүүрээр нааддаг хүмүүс багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварыг эзэмшдэг. Тиймээс ардын уламжлалт уг наадгайгаа илүү олон хүнд таниулах өвлүүлэн үлдээх нь чухал юм.

Үйчүүр нь цагаан сарын шинийн нэгэнд тоглогддог хүндтэй тоглоомын нэг бөгөөд шооны нүд болгон нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг.

Хөзрийн эртний хэлбэр хэмээдэг энэхүү тоглоомыг нутаг нутагт өөрөөр хийсэн нь ажиглагддаг. Нийтлэг нь цаасан үйчүүр бөгөөд өнгө өнгийн будгаар арслан, бар, ирвэс, нохой, үнэг, буга, харцага, хүдэр, туулай, бялзуухайн дүрс бүхий 134 ширхэг мод, 512 лангийн үнэлгээтэй амьтад байдаг.

Амьтдыг ямар нэгэн хэв загварт баригдалгүй уран сайхны зохиомжтойгоор өнгө ялган дүрсэлдэг. Мөн тэмээний яс, модон дээр дээрх амьтдыг сийлж хийсэн нь эдэлгээ удаан бөх бат байдаг.

Энэ наадгайг хэдэн ч хүн тоглож болох ба олуулаа бол тоглогчид тэгш тоотой хоёр баг болон талцан тоглох бөгөөд бүх модоо дундаа өрж, отгон эсвэл ахмадаасаа эхлэн нар зөв тойруулан аяган дотор дөрвөөс зургаан шоог ээлжлэн орхино. Шооны нүдний өнгө нь улаан, хар байдаг.

Одоо хэрэглэдэг шоотой ижил боловч улаан, хар нүдний өнгө зөрүүтэй. Буусан улаан, хар нүдний нийлбэрээс хамааран лангаар үнэлэгдэх амьтдаас авна. Зарим нь буцааж өгөх буюу торгуулах, шооны нийлбэрт нь таацах амьтан байхгүй бол өнжих зэрэг тохиолдол гардаг.

Бас шооны нүдний нийлбэр үнэг, нохой буувал торгуультай. Өмнө цуглуулсан амьтдаасаа буцаан тавьдаг. Амьтад тус бүр үнэлгээтэй учир бүх амьтан дуусахад хамгийн их лан цуглуулсан хүн хождог.  Арслан хамгийн том мод. Арслан авсан хүн хожигдвол "хамуурлаа" гээд гурван жил авдартаа хадгалдаг уламжлалтай.


Монголын нутаг болгонд үйчүүрийг өөр өөрөөр нэрлэж, үйчүүрт дүрслэх амьтад ч өөр байх нь бий. Хүн хар гөрөөс гэх мэт ч дүрслэлтэй үйчүүр ч байдаг. Битүүний орой шагайгаар Алаг мэлхий өрдөг бол шинийн нэгний өдөр Дөрвөн бэрх, Үйчүүр, Хорол зэрэг тоглоомыг тоглодог заншилтай.




Шинийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом тогловол гэрийн жавар үргэдэг төдийгүй тоглоомд хожсон хүн тэр жилийг эрүүл саруул, аз хиймортой сайн давах, онд мэнд орох юм байна хэмээн бэлгэшээдэг. Харин тоглоомд тэнцэх буюу “хайнцвал”, “хавантай” буюу барцад саадтай байна гэж үзэж, улмаар “хавангаа хагалах”, буюу барцад саадыг арилгах дом засал болгож заавал дахин тоглох зэрэг өвөрмөц зан заншил бий.

“Хорол” тоглоом нь ирэх жилийн нуруу үзсэн мэргэ төлөг, заслын шинжтэй байдгаараа онцлогтой юм. Тиймээс монголчуудын тоглоомоор дамжуулан хүүхэд залуучуудаа хөгжүүлэх, олныг цэнгүүлэх, засах энэ арга ухааныг музейн нээлттэй өдрүүдээр зохион байгуулж байгаа юм.

Нээлттэй өдрүүд эхэлснээс хойш, өнөөдрийн байдлаар 60 гаруй насанд хүрэгч, 130 гаруй хүүхэд үйлчлүүлсэн байна гэж Завхан аймгийн Музейн боловсролын ажилтан М.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.


Завхан аймгийн музей нь анх 1924 оны 12 дугаар сарын 11-нд Гэсэр сүмийн туурин дээр байгуулагдсан. Алдартны болон Орон нутаг судлах музейтэй. Алдартны музей нь хутагтын болон алдартны гэсэн хоёр музейтэй бөгөөд нийт 10501 үзмэртэй. Нийт 17 танхимд 3642 үзмэр дэглэгдсэн байдаг. Хутагтын танхимд 2017 оноос хойш Дөвчин Дилов хутагт Жамсранжавын адистад биеийн их шүтээн заларч, үзэгч, олон нийт сүсэглэсээр иржээ.










Холбоотой мэдээ