УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодатай албан ёсны хэлэлцээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-03 12:36:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжигийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа тодотгож байв.


Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс үүдэн зогсонги байсан хоёр талын иргэд хоорондын харилцаа сэргэж буйтай зэрэгцэн парламент хоорондын харилцааг бататгах энэхүү албан ёсны айлчлал болж буйд туйлын баяртай байна гэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар оюун санаа, соёл, ардчиллын үнэт зүйлсээр холбогдсон “гуравдагч хөрш” Япон Улстай бүхий л талаар харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал анхаарал хандуулан ажиллахаа тэмдэглэж, цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ