Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх зорилт тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-03-05 11:09:19

БЭЭЖИН. /Reuters/.  БНХАУ энэ онд эдийн засгийнхаа өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт тавилаа. Энэ тухай өнөөдөр эхэлж буй Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) буюу парламентын ээлжит чуулганд танилцуулсан тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд дурджээ. 


Бүрэн эрх нь дуусгавар болж буй Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян тайлан илтгэлдээ, энэ онд хот суурин газруудад хамгийн багадаа 11 сая ажлын байр бий болгох өнгөрсөн оны зорилттой харьцуулахад 12 сая орчим ажлын байр бий болгох зорилт тавьж, эдийн засгийн тогтвортой байдлыг эн тэргүүнд тавих нь чухал гэж онцлон тэмдэглэсэн байна.  


Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн жил ердөө 3 хувиар өссөн нь сүүлийн 40 гаруй жилийн хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болжээ. Үүний гол шалтгаан нь “COVID-19” цар тахлын улмаас тогтоосон гурван жилийн хязгаарлалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон хямрал, Хятадын экспортын эрэлт суларсан зэрэгтэй холбоотой юм.


Төлөвлөгөөнөөс үзвэл, Ли Көчян улсын төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.0 хувьд хүргэх зорилт тавьсан нь өнгөрсөн оны 2.8 хувийн зорилтот үзүүлэлтээс бага зэрэг өссөн байна. 


БНХАУ-ын энэ оны дотоод улс төрийн гол үйл явдал болох тус улсын хууль тогтоох дээд байгууллагын жил тутмын чуулган өнөөдөр Бээжин хотын төв дэх Ардын их хурлын танхимд нээгдэж, тус улсын өнцөг булан бүрээс 3000 орчим депутат оролцож байна. 


Энэ өдрүүдэд тэд уламжлал ёсоор 2022 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийн талаарх тайлан, төв, орон нутгийн өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, энэ оны төсвийн төслийн талаарх тайлан, түүнчлэн Ардын дээд Прокурорын газар, Ардын Дээд шүүхийн ажлын тайлан, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг сонсож, батална. 


Төлөөлөгчид мөн улс орны хууль тогтоох үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон нам, төрийн байгууллагыг шинэчлэх төлөвлөгөөг хэлэлцэж, түүнчлэн БНХАУ-ын дарга, дэд дарга, Төрийн Зөвлөлийн шинэ Ерөнхий сайд, БНХАУ-ын Ардын банкны дарга, шадар сайд, сайд нар, улсын комисс, хороодын дарга нарыг сонгоно.


Холбоотой мэдээ