ЗАВХАН: Малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-06 16:36:54

Улиастай/МОНЦАМЭ/. Дөрвөлжин сумын малчдад "Баян Айраг эксплорэйшн" ХХК-аас өвс тэжээлийн дэмжлэг үзүүлжээ.

Өвөл, хаврын цас зудтай хүндрэлтэй байгаа үед Дөрвөлжин сумын малчдад 92 сая төгрөгийн үнэ бүхий 6000 боодол өвс, ногоон тэжээл, 40 тонн тэжээл, хивгийг олгоод байна. Байгаль, цаг уур хүндэрсэн нөхцөл байдалд малчдад юун түрүүнд малын тэжээл чухал. Ялангуяа амьжиргааны эх үүсвэр болсон малынхаа тоо толгойг бүрэн онд мэнд оруулах, малаа шим тэжээлтэй тэжээлээр тэжээж хаврыг давахад багагүй дэм болно. Бид жил бүр чухал цаг үед малчдад өвс тэжээлийн болон бусад зүйлсээр дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Энэ удаагийн өвс тэжээлийн дэмжлэг нь хаврын өдрүүдийг хохирол багатай давахад, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхэд, малчдад бодитой хувь нэмэр юм. Өвс тэжээлийг малчдад хүргэх ажлыг сум, багийн удирдлага, албан хаагчдын хамт явууллаа гэж "Баян Айраг эксплорэйшн" ХХК-аас мэдээлэв.

 



"Баян Айраг эксплорэйшн" ХХК нь Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Өнөөдрийн байдлаар энд 410 ажилтан ажиллаж байгаагийн 70 хувь нь буюу 290 нь Завхан аймгийн иргэд байна. 2022 оны хагас жилийн байдлаар Завхан аймгаас 2.49 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, үйлчилгээ, түрээсийн төлбөр өгчээ. Үүнд нүүрс, галын мод, ажилчдын хувцас, ундны цэвэр ус, автомашины түрээс, төрийн болон Төрийн бус байгууллагын гэрээт төлбөр гэх мэт ажил үйлчилгээ багтаж байна.


Мөн үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд Дөрвөлжин суманд чамгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал Байгаль орчны хөтөлбөр, Эрүүл мэндийн төсөл, Боловсролын төсөл, ЖДҮ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Зан заншил соёлын өвийг дэмжих хөтөлбөр, Спорт, нийтийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Хүмүүнлэгийн үйл ажиллагаа зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн аж.



Холбоотой мэдээ