ЗАВХАН: Нас ахих тусам эмэгтэйчүүдийн хүн амд эзлэх хувь өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-07 14:14:02

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймаг 73.8 мянган хүн амтай, үүний 50.1 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна.

Судалгаа, графикаас үзэхэд 2010 онд Завхан аймгийн нийт хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байсан бол 2022 онд хүйсийн харьцаа тэнцвэржжээ. Улиастай, Тосонцэнгэл, Шилүүстэй, Завханмандал, Цэцэн-уул, Асгат суманд эмэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр байгаа бол бусад суманд эрэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр байна.


Завхан аймгийн хүн амын тоо өсөх хандлагатай байна. Энэ нь шилжих хөдөлгөөн, нас баралт, хүн амын мэдээллийн сангийн давхардалтыг арилгасан зэрэг нь нөлөөлжээ. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн буурах хандлагатай байгаа нь хүн амын өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна.


Хүйсийн харьцаа гэдэг нь эрэгтэй хүн амын тоог эмэгтэй хүн амын тоонд харьцуулсан харьцаа бөгөөд энэ нь 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоогоор илэрхийлэгдэнэ. Хүйсийн харьцаанаас үзэхэд эмэгтэйчүүд давамгайлах хандлагатай байсан ч сүүлийн жилүүдэд тэнцвэржиж байна. Мөн нас ахих тусам эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд нас баралт харьцангуй их байдагтай холбоотой гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.




Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтод хүн амын дундаж наслалтыг өсгөж 78-д хүргэнэ хэмээн зорьсон. Завхан аймгийн хувьд 2022 онд хүн амын дундаж наслалт 70.78 бөгөөд улсын дунджаас 0,5 функтээр өндөр, 2025 он гэхэд хүн амын эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж дундаж наслах хэмжээг 0,1 функтээр өсгөхөөр зорьж байна.


 Аймгийн хэмжээнд өрх толгойлсон эхчүүдийн тоо их байна

Завхан аймгийн хэмжээнд 4274 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 75 хувь нь өрх толгойлсон эхчүүд байна.

Аймгийн хэмжээнд нийт байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй 452 хүний 51.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 41.9 хувь нь 65 түүнээс дээш настай эмэгтэйчүүд, 18-64 насны эмэгтэйчүүд 38 хувийг нь эзэлж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгосон хөгжлийн бэрхшээлтэй 1528 хүний 40.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэтгэвэр, тэтгэмж тогтоогоогүй 55 ба түүнээс дээш настай 112 иргэний 63.3 хувь нь эмэгтэйчүүд байна.

 

Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 65.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Завхан аймгийн ажиллах хүчний оролцооны түвшин нь 2022 онд 65.8 хувь байна.

Энэ нь хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 65 нь ажил хийж байгаа болон ажил хийхийг хүсэж байгаа хүмүүс байна. Энэ үзүүлэлт өмнөх оноос 11.5 пунктээр буурсан нь хөдөлмөрийн насны хүн амын дотор ажиллагчид болон ажил идэвхтэй хайж байгаа иргэд буурсныг харуулж байна. Аймгийн ажиллагсдын 54.3 хувь буюу 15.1 мянга нь эрэгтэйчүүд, 45.7 хувь буюу 12.7 мянга нь эмэгтэйчүүд байна.


Харин ажиллах хүчнээс гадуурх хүн амын 34.2 хувийг эрэгтэйчүүд, 65.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэрийн ажилтай буюу жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэйн улмаас хөдөлмөр эрхлэхгүй байгаа эмэгтэйчүүдийн тоо нийт ажиллах хүчнээс гадуурх эмэгтэйчүүдийн 19.2 хувийг эзэлж байна. 


Ажилгүй эмэгтэйчүүдийг боловсролын байдлаар нь үзэхэд тэдний 51 хувь нь тусгай дунд боловсролтой байгаа бол, 40.2 хувь нь дээд боловсролтой эмэгтэйчүүд байна.

Ер нь хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд нь хүн амын насны бүтэц, боловсролын байдлаас шууд хамаардаг бөгөөд хүн амын амьжиргааны түвшин, төрөлт, гэрлэлт, шилжих хөдөлгөөн зэрэг хүн амын үзүүлэлтүүдэд тодорхой нөлөө үзүүлдэг.

Тиймээс Завхан аймгийн хувьд ажиллагсдын ихэнх нь хөдөө аж ахуйн тэр тусмаа мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа нь эдийн засгийн бусад дэд салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэр тэр дотроо боловсруулах үйлдвэрийн салбарыг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

 

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтдоо 2030 онд нэг хүнд ногдох орлогын хэмжээг 17,5 мянган ам.доллар байхаар төлөвлөсөн бөгөөд Завхан аймгийн хувьд 2021-2022 онд нэг хүн ногдох орлогын хэмжээ 2054 ам.доллар байгаа нь улсын дунджаас 46.6 хувиар доогуур, тогтвортой хөгжлийн зорилтоос 4,3 дахин бага байна.

 

Холбоотой мэдээ