Саудын Араб, Иран дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-11 11:36:32

БЭЭЖИН. /Reuters/. Саудын Араб, Иран олон жилийн турш тасраад байсан дипломат харилцаагаа сэргээх тохиролцоонд баасан гарагт хүрлээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дөрвөн өдөр үргэлжилсэн хэлэлцээний дүнд ийнхүү тохиролцжээ.


Хоёр улс Техран, Эр-Рияд хотноо тус тусын Элчин сайдын яамаа хоёр сарын дотор дахин нээхээр төлөвлөж байна гэж хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ. Талууд мөн харилцан бие биеийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, дотоод хэрэгт оролцохгүй байхаа амласан байна.


Цаашид бүтээлч яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Саудын Арабын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мусаад бин Мохаммед аль-Айбан илэрхийлжээ.


Харин Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан мэдэгдэхдээ, Ираны Засгийн газрын гадаад бодлогын гол тэнхлэг болох хөршийн бодлого нь зөв голдиролдоо орж байгааг онцолсон байна.


Саудын Арабын эрх баригчид 2016 онд Ирантай дипломат харилцаагаа тасалжээ. Саудын Арабад шиит шашны алдартай номлогчийг цаазаар авсны дараахан Техран дахь Саудын Арабын Элчин сайдын яам руу халдсан явдал гарсны дараа уг шийдвэрийг гаргаж байв. 

Холбоотой мэдээ