ТОП ААН-үүдийн хувьчлалд тэдний нэр хүнд баталгаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-13 13:40:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ТОП-100 ААН хөрөнгийн зах зээлд гарч санхүүжилт татахад компанийн засаглалын үзүүлэлтээс гадна тэдний нэр хүнд баталгаа болох учиртай. Яагаад гэвэл, тэдний бизнесийн үйл ажиллагаа, үнэлгээ олон улсын жишигт нийцсэн, хөрөнгө, санхүүжилт татах хэрэгцээ их, орлого, борлуулалт, ажиллах хүч, боловсон хүчний хувьд тогтвортой тэргүүлж байдаг.

Энэ талаар СЗХ-ноос МҮХАҮТ-д өнөөдөр зохион байгуулсан “ТОП-100 ААН-үүд хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломж, тогтвортой санхүүжилт болон ногоон бонд” сэдэвт хэлэлцүүлгээр хөндөв. Хэлэлцүүлэгт оролцогчдын нэг “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэбилэгээс дээрх сэдвээр тодруулав.


-Өнөөдрийн хэлэлцүүлгээс ямар үр дүн гарахаар байна вэ. Томоохон компаниуд хөрөнгийн зах зээлд гаргахад ямар хүндрэл тулгарч буй талаар хэлэлцэв?

-Хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт, хөрөнгө татах талаар томоохон, шилдэг компани, ААН-үүдээс буюу дээрээсээ эхлэх гэж байгаа нь их зөв зүйтэй санал бүхий боломжтой үйл явц гэж харж байгаа.

Хөрөнгийн зах зээлийн харилцаанд орж бонд, хувьцаа гаргаж санхүүжилт татахад өнөөдөр гол өрсөлдөгч бүтээгдэхүүн нь банкны санхүүжилт хэвээр, хөрөнгө таталтаар банкны салбар тэргүүлсээр байгаа. Өнгөрсөн онд хэлцлийн дүн 500 тэрбум төгрөг байсан гэж байна. Монгол Улсын хувьд энэ нь мэдээж бага дүн. Тиймээс хугацаа богино, зардал, хүү бага, хэрэгцээт санхүүжилтээ татах зэргээр хөрөнгийн зах зээл банкны санхүүжилттэй өрсөлдөнө гэж харж байгаа.


Манай улсад ихэнх бизнес жилийн циклтэй байдаг. Бүтээн байгуулалт эхлэх үед санхүүжилт хэрэгтэй, гэнэтийн шаардлага гарч хөрөнгө татахад тэр нь хүрдэггүй, хүссэн санхүүжилтээ бүрэн хэмжээгээр авч чадах нь эргэлзээтэй байдаг. Тиймээс хөрөнгийн зах зээлд оролцох хэрэгцээ, шаардлага байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөрөнгийн зах зээлд оролцогч ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх талаар СЗХ-ноос мэдээллээ. Үүнийг нилээн үр дүн гарах шийдэл хэмээн нааштай хүлээн авч байна. Банкны зээл, хадгаламж, хөрөнгө орлогын албан татварын 10 хувийг 5 болгоно, олсон орлогын 20 хувийг үржүүлээд татвар ногдох орлогоос хасна гэж байна. Татварын зардал компаниудад өндөр гардаг тул энэ нь ААН-үүдэд дэм болно.

-“МИАТ” ТӨХК хувьчлах жагсаалтад байгаа. Энэ үйл явц хэрхэн явж байна вэ?

-Нээлттэй компани болох анхан шатны бэлтгэл ажлыг холбогдох, харилцах байгууллагуудтай хийгээд эхэлсэн. Манайх гаргах хувьцаагаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлж байгаа. Үүнээс цааш хувьцаагаа яаж гаргах нь тухайн үедээ шийдэгдээд явах байх. Хувьчлалын талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээллийг манай удирдах түвшин болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өгөх байх гэв.

Тэргүүлэх ТОП-100 ААН Монгол Улсын ДНБ-ий 80 гаруй хувийг эзлэн эдийн засгийг бүхэлдээ бүрдүүлж байна. Гэтэл судалгаагаар тэдний 16 хувь нь хувьцаат компани, эсвэл бондын зах зээлд оролцсон байдалтай, 84 хувь нь хөрөнгийн зах зээлийн гадна, банкны санхүүжилтээр  "амь зууж" байна. 


СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, "Компаниуд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж, IPO хийх, бонд гаргах нь өнөөдөр Хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагуудаар дамжуулан нээлттэй байгаа. Нөгөө талаар хаалттай хүрээнд компанийн бондыг биржийн бус зах зээлд гаргах бас нэг онцлог боломж ч бий. Эдгээр нь аль аль нь олон улсын жишигт нийцсэн, тогтсон процессоор явагдаж дагаж мөрддөг.

Ингэхдээ зайлшгүй шалгах шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээ шаардлага хангасан нөхцөлд хүлээн зөвшөөрч, хөрөнгийн зах зээлд бүртгэдэг. Энэ үйл явцад бид цаг хугацаа, зардлыг аль болох хөнгөлөх зорилготой ажиллаж байна.


Энэ үүднээс СЗХ-ноос гаргасан “Нээлттэй бонд, нээлттэй үнэт цаас гаргах бүртгэлийн журам”-д ТОП-100 ААН-үүд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахтай холбоотой өөрчлөлт оруулж байгаа. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг ч мөн өөрчилж байна. Монгол Улсын тэргүүлэх компаниуд нээлттэй болсноор Монгол Улсын иргэд болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар хувьцааг нь худалдан авч, тухайн компаниудын үйл ажиллагаанд оролцох боломжтой болно" гэв.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, "ТОП-100 ААН-үүдэд хөрөнгийн зах зээлд бонд гаргах эрхийг барьцаа шаардахгүйгээр олгодог болох саналыг бид тавьж байгаа. Тэргүүлэх компаниуд өөрийн нэр хүндээр хувьцаа гаргаж, бонд босгодог болж хувирвал хөрөнгийн зах зээл хөгжих том алхам болно гэж үзэж байна.

ААН-үүд өнөөдөр хөрөнгө оруулалт, хэрэгцээт нэмэлт санхүүжилтээ банкны зээл, эсвэл өөрсдийн хуримтлагдсан ашгаар л хийж байна. Гэтэл цаана нь хөрөнгийн зах зээлд гарч санхүүжилт татах гарц бүхий боломж бололцоо байсаар байна.

Тэргүүлэх ТОП-100 ААН Монгол Улсын ДНБ-ий 80 гаруй хувийг эзлэн эдийн засгийг бүхэлд нь бүрдүүлж байна. Гэтэл судалгаагаар, тэдний 16 хувь нь хувьцаат компани, эсвэл бондын зах зээлд оролцсон байдалтай байна. 84 хувь нь гадна байна" гэв. 

Холбоотой мэдээ