Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой журмуудыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-13 16:50:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлж байгаатай холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулахаар “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан мэдээ ирүүлэх журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ыг хэлэлцэн баталлаа.


Эдгээр журамд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс хамааран аймаг, нийслэлийн Засаг дарга, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхэд тавигдах шаардлага, бүртгэх байгууллагын хувьд хэрхэн бүртгэх, бүртгэлээс татгалзах үндэслэл зэрэг мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тодорхойжээ.


Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг тодорхойлох, хувьцаа эзэмшигч, мөнгөн хөрөнгөд өөрчлөлт орох, гүйцэтгэх удирдлага, оноосон нэр, хаяг байршил өөрчлөгдөх тухай бүр бүртгэх байгууллагад бүртгүүлж байхаар зохицуулсан байна. Мөн улсын хэмжээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд нэгдсэн зохицуулалттай хувийн дугаар олгох, мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтад тавих шаардлага, нөхцөлийг тодорхойлж, тайлан мэдээг нэгдсэн байдлаар ирүүлэх, улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн сан бүрдэх нөхцөл бүрдлээ. Үүний зэрэгцээ мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, бүрэн эрх, зөвлөлийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхойлсноор хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах зэрэг хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.


Хуралдаанаар мөн нэг хувьцаат компанийн оноосон нэрийг солихтой холбоотой үнэт цаасны бүртгэлийг өөрчилж, хоёр хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасныг СЗХ мэдээлэв.


Хоёр компанид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, нэг компанийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг мөн нэг компанид банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрөл олгохоор, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа, банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид олгохоор шийджээ. 


Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу нэр бүхий хадгаламж, зээлийн хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосны зэрэгцээ 2 компанийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн 5 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр  болов.

Холбоотой мэдээ