БАЯН-ӨЛГИЙ: Ц.Цолмонбаатар: Аймгийн сургалтын менежментийг сайжруулах ерөнхий зураглал гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-13 17:46:28

Өлгий /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас байгуулсан 59 хүний бүрэлдэхүүнтэй менежментийн баг энэ сарын 6-ны өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа. Ажлын багийн үйл ажиллагааны талаар багийн ахлагч, БШУ-ы сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Гавьяат багш Ц.Цолмонбаатартай ярилцлаа.


-БШУЯ-наас байгуулсан ажлын баг Баян-Өлгий аймагт ирж 7 дахь хоногтоо ажиллаж байгаа. Энэ хугацаанд ямар асуудлууд дээр төвлөрөн ажиллав?

-БШУ-ы сайдын тушаалаар 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн жил ерөнхий боловсролын бүх сургалтын байгууллагын чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг хийсэн. Үнэлгээний дагуу Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 49 тоот тушаалаар тусгайлан удирдамж гарч, улсын хэмжээний 82 сургуульд 7 дэмжлэгийн баг ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүн, ялангуяа монгол хэлний сургалтын чанар нэлээн доогуур үнэлэгдсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор зөвхөн Баян-Өлгий аймагт дангаар нь нэг баг томилон илгээсэн. Бидний ажил энэ сарын 6-ны өдөр эхэлсэн ба 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ бол шалгалт биш, зөвлөн туслах, хамтдаа хөгжих ажил юм. Өлгий сумын 2, 3, 5 дугаар сургууль, Алтанцөгц, Толбо, Буянт сумын сургууль гээд нийтдээ 6 сургуулийг сонгож авч ажиллаж байна. Эдгээр сургуулиуд дээр тухайн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, үр дүнд хүргэх ажлыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байгаа. Уг ажилд анх удаагаа МУБИС-ийн дадлагажигч оюутнуудыг татан оролцуулснаараа онцлогтой болж байна.

Өнгөрсөн онуудад 2-5 дугаар ангийн монгол хэлний жишиг хөтөлбөрийг баталсан байдаг. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс Агуулгыг хэлтэй интеграцчлан суралцахуй гэсэн том төсөлт хөтөлбөрийг Өлгий сумын 3, 5 дугаар сургуулиудад туршиж байгаа. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах тал дээр үе шаттай ажлуудыг хийж байна. Дээрх 6 сургуулийн нөхцөл байдлын судалгааг гаргаж, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сурагчдаас нь фокус ярилцлага авч, орчны үнэлгээ хийж байна. Дээр нь хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна, удирдлагын менежмент, манлайлал ямар түвшинд байна, орчны бүрдүүлэлт хэр байгаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна зэрэг асуудлуудад анхаарч ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, шаардлагатай зөвлөн туслах ажлуудыг төвөөс шууд татан авч хамтран ажиллаж байгаа. Энэ сарын 27-ны өдрөөс буюу сурагчдын улирлын амралтаар Улаанбаатар хотоос 12  хүний бүрэлдэхүүнтэй үндэсний сургагч багш нарын багийг авч ирж, хүүхдүүдийг ЭЕШ-д бэлтгэх, монгол хэлний хичээлийн хөтөлбөр, төлөвлөлт, заах арга зүйг заах ажлуудыг хийх юм. Энэ удаагийн сонгож авсан 6 сургууль бол сургалтын байгууллагын менежментийг сайжруулах ажлыг бусад сургуульд түгээн дэлгэрүүлэх түшиц сургууль болно.

 

-Орон нутагт ирээд 7 хоног ажиллах явцад ажиглагдсан анхаарал татах асуудлууд юу байна?

-Багш нарын сургалтын хөтөлбөрийг нарийвчлан сайжруулах, удирдлагууд, ялангуяа сургалтын менежерүүд багш нарт зөвлөн туслах ажлыг өдөр тутмын үйл ажиллагааны хэвшил болгоход анхаарах шаардлагатай гэж харж байгаа. Мөн ээлжит хичээлийн бэлтгэлийг хангах, үүнд  цахим мэдээллийн технологийг ашиглах, интерактив хичээлүүдийг сонирхолтой хэлбэрүүдээр боловсруулж заах аргачлал дээр анхаарах зүйлүүд харагдаж байна. Нөгөө талаар сургуулийн гадна, дотоод орчны хувьд хүүхдийг эрсдэлээс хамгаалах, аюулгүй ажиллагааны чиглэлээр засаж сайжруулах зүйлүүд нэлээн ажиглагдсан.

 

-Сурагчдын амралтын үеэр хотоос 12 сургагч багш ирж хүүхдүүдийг монгол хэлний хичээлээр ЭЕШ-т бэлтгэнэ гэж хэллээ. Тухайн хичээлд хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой вэ?

-Бид 6 сургуулийн түвшинд зохион байгуулахаар төлөвлөсөн. Хүүхдүүд хүсэх юм бол хичээлд суух эрх нь нээлттэй.

 

-Та бүхний зохион байгуулж байгаа ажлын мөрөөр цаашид ямар ажлууд хийх вэ?

-Цаашид эдгээр 6 сургуулийг түшиглэж менежментийн болон хэрэгжилтийн баг, дэмжлэгийн баг гэсэн 3 том баг хуваарийн дагуу ирж бусад сургуулийн сургалтын менежментийг сайжруулах чиглэлээр зөвлөн туслах, ойлголтуудаа нэгтгэх ажлуудыг хийгээд явна. Бид 6 сургуульд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас тус бүр 2 мэргэжилтнийг ажиллуулж байна. Эдгээр мэргэжилтнүүд цаашид ажиллах чиглэлүүдээ олж авч байгаа.

Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, энэ сарын 13-наас 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл "Хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжье" аян өрнүүлэхээр болсон. Бүх үйл ажиллагааны төгсгөлд Баян-Өлгий аймгийн сургалтын менежментийг сайжруулах зураглал гаргана. Тухайлбал, аймгийн онцлогоос шалтгаалаад сургалтын байгууллагын үйл ажиллагааг ийм загварт оруулж дүгнэж байя гэх зэргээр. Магадгүй улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор тавьж байгаа дүрэм журам орон нутгийн онцлогт тохирохгүй байгаагаас болж зарим үзүүлэлт уналттай гарч болох юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ