ХОВД: Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга барихаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-14 17:02:46

Жаргалант /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэг (БОЭТ)-ийн өргөтгөлийн барилга барина. 

Энэхүү өргөтгөл нь суурин давхартай. Дээш гурван давхар, нийт 2500 мкв талбайтай, төв эмнэлэгтэй хоолойгоор холбогдсон барилга байх юм.  

Одоогоор тус аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын төлөвлөлт,  зураг төсөл хийжээ.

2022 оноос эхлэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын талаар албаныхан санал солилцсон. Өргөтгөлийн барилгын зураг төслийн ажлын гүйцэтгэгчээр "Татах хүч" ХХК шалгарсан юм.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээний хүрээнд 2023 оны 4 дүгээр сараас  чадавхжуулах сургалт хийхээр төлөвлөсөн байна. 

Мөн 2023 оны 6 дугаар сард мэргэжлийн ажлын баг аймгийн нэгдсэн эмнэлэг дээр биечлэн ирж ажиллах юм.  

Төслийн багийн төлөөлөл  2022 онд Ховд аймгийн удирдлагуудтай уулзаж, эмнэлгийн өргөтгөлийн барилга барихад орон нутгийн оролцоо, дэмжлэг юу байх  талаар ярилцаж байсан.  Иймээс цаашид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд барих нэгдсэн  эмнэлгийн өргөтгөлийн барилгын цэвэр, бохир, дулаан, цахилгаан, холбооны шугамыг холбох санхүүжилт шийдвэрлэхэд анхаарч ажиллах тухай саналыг эмч нар хэллээ.

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр дээрх ажил, асуудлын талаар санал солилцсон юм. 


Холбоотой мэдээ