Канадын Маркам хотын ойролцоо “Монгол” нэртэй суурин олон жил болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-19 19:45:42
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос Торонто хотноо 2023 оны 3 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулсан “PDAC 2023” чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, дэлхийн өнцөг бүрээс цугларсан мэргэжилтнүүдийн илтгэл, танилцуулгатай танилцаж, уул уурхайн үзэсгэлэнг үзэж сонирхов.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцож, Монголын үзэсгэлэнг нээхээс гадна хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо.


Чуулга уулзалтын үеэр “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулж, манай улсын уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах саналыг танилцуулсан нь ач холбогдолтой болсон. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын ашигт малтмалын салбарын хэтийн төлөв, Монголд хөрөнгө оруулах боломж болон хөрөнгө оруулагч нартай хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллаж байгаа талаар илтгэл тавив.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар чуулга уулзалтын хүрээнд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Антони Рота, Байгалийн баялгийн дэд сайд Жон Ханнафорд, Олон улсын худалдаа, экспорт, жижиг бизнес, эдийн засгийн хөгжлийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга Ариф Вирани нартай уулзаж, ардчиллыг бэхжүүлэх, Монгол, Канадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уул уурхайн салбарт шинэ технологи, туршлагыг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн Канад Улсын Экспортыг дэмжих байгууллагын Олборлох аж үйлдвэр, бүтцийн болон төслийн санхүүжилтийн газрын захирал Эшли Глен, Юкон нутаг дэвсгэрийн Эрчим хүчний уурхай ба нөөцийн дэд сайд Пол МакКоннелл нараас гадна АНУ-ын Төрийн департаментын Эрчим хүч, эрдэс баялгийн нөөцийн асуудал хариуцсан захирал Пол Хюпер, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вивек Бхардвааж нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.


Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид Канадын Маркам хотын ойролцоох “Монголиа” хэмээх суурин газарт зочлов. Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Маркам хотын захиргаатай хамтран уг сууринд “Монгол” нэрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээг зохион байгуулж, цаашид мод тарьж, пайз тогтоохоор тохиролцлоо. Хойд Америкт байгаа цорын ганц “Монгол” нэртэй уг газар нь Канадын Онтарио мужийн Маркам хотын орчимд оршин сууж байсан нутгийнхны суурингийн нэр бөгөөд одоо улсын өмчлөлд байдаг ажээ.


Холбоотой мэдээ