СҮХБААТАР: М.Борчулуун: Сүхбаатар аймгийн ойн санг 200-300 га талбайгаар нэмэгдүүлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-21 15:38:34

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Дэлхийн ойн өдрийн хүрээнд Сүхбаатар аймгийн ойн сан, шинээр тарьж ургуулсан модны ургалтын нөхцөл байдал болоод ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хийх ажлын талаар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Борчулуунаас тодрууллаа.


-Сүхбаатар аймгийн ойн сангийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дарьганга сумын Молцог элс, Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст, Түмэнцогт сумын Хар ямаат зэрэг газарт байгалийн аясаар ургасан ойн төгөл бүхий баян бүрд газруудад 2011 онд Ойн газраас судалгаа хийхэд Сүхбаатар аймагт 15664 га газарт ойн сан бүхий талбай байгааг тогтоосон.


-Эдгээр газрууд байгалийн унаган төрхөөрөө хадгалагдаж байгаа гэсэн үг үү?

-Мэдээж байгалийнхаа аясаар ургасан модтой газрууд гэж ойлгож болно. Эдгээр газрууд нь байгалийн цогцолборт болон нөөц газраар бүртгэгдсэн байдаг.


-Шинээр ойжуулах боломжтой газар байгаа юу, эсвэл ойн санг нэмэгдүүлэх боломжтой юу?

-Яг шинээр ямар нэг газрыг ойжуулна гэдэг маш олон жилийн судалгаа, хүч хөдөлмөр бас мэдээж хөрөнгө мөнгө шаардах ажил. Харин дээрх газруудад ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж, ойн санг 200-300 га талбайгаар нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал, энэ онд Дарьганга, Түмэнцогт суманд 75 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээх ажил хийхээр төлөвлөсөн. Энэ ажил “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл болон  орон нутгийн төсвийн 656.2 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэнэ. Удахгүй тендер нь зарлагдана. Цаашид "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд модтой газрыг нэмж моджуулах буюу мод ургаж байгаа газарт шинээр мод тарих, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн хийнэ.


-Нэгэнт ой, модны талаар ярьсных аймгийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан нийт модны хэмжээ, ургалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сүхбаатар аймаг нэгдэж 10 сая мод тарьж ургуулах зорилт тавьсан. 2022 онд 303.402 ширхэг мод бутыг олон нийтийн оролцоотойгоор тарьж ургуулсан. Тарьсан модны ургалтын нөхцөл байдлыг тогтоох ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг тооллого хийж тогтооход 88.1 хувьтай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл нийт тарьсан модны 90 орчим хувь нь ургаж байна.


-Ер нь Сүхбаатар аймгийн хөрсөнд ямар мод тарих нь хамгийн тохиромжтой вэ?

-Хангай, говийн нутгуудыг бодвол манайх хуурай, гандуу дунд зэргийн хөрстэй. Тиймээс навчит мод хамгийн тохиромжтой байдаг. Голчлон хайлаас, гүйлс, голт бор, шар хуайс зэрэг мод сөөгийг тарихыг зөвлөдөг.


-Мод тарих өдрүүдээр нийтээрээ мод тарьдаг. Энэ ажлын яг бодит үр дүнг хэрхэн дүгнэх вэ?

-“Бүх нийтээр мод тарих” аяныг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ аянаар айл өрх, албан газар эзэмшил газартаа мод тарьж ногоон байгууламжтай болох боломжтой. Сүүлийн жилүүдэд айл өрхүүд хашаандаа мод тарих идэвх нэмэгдсэн. Аймаг орон нутгаас иргэдийг мод тарьж ургуулахад дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй үнээр тарих мод олгож, хөрс хар шороог нь хүртэл татаж өгдөг болсон.


-Энэ жил нэмж хэчнээн мод тарих вэ?

-Энэ жил 350-400 мянган ширхэг мод шинээр тарихаар төлөвлөж байна.“Тэрбум мод” хөдөлгөөнийг 2022-2030 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан. Уг тогтоолоор уул уурхайн компани, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тарих модны тоог тогтоосон. 2021-2030 он хүртэл жил бүр иргэн таван ширхэг мод, аж ахуйн нэгж байгууллага хүний тоогоор 10 ширхэг модыг тарьж ургуулах зорилт тавьсан. Иймд ААНБ, иргэд хуваарьт модоо өөрийнхөө эзэмшил газартаа тарьж ургуулж, ногоон байгууламж бүхий эрүүл орчныг бүрдүүлэхийг уриалж байна. 

Холбоотой мэдээ