ЗАВХАН: Ойжуулалтын ажлыг үр дүнтэй хийх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-21 16:47:40

Улиастай/МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн ойн өдөр тохиож байна. Монгол Улсын ойн сангийн хэмжээ 18.6 сая га, үүнээс Завхан аймгийн ойн сан 732035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг.

Харин, Монгол орны ойрхог чанар 8 хувь бол Завхан аймгийн ойрхог чанар нь 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээрээ Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа ордог. Тус аймаг жил бүр ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийдэг. Өнгөрсөн жил гэхэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 28 га, улсын төсвийн хөрөнгөөр 80 га, ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр 64.8 га нийт 172.8 га талбайд ойжуулалтын ажлыг хийсэн байна.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр 200 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажил, улсын төсвийн хөрөнгөөр 10 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг хийжээ. Харин ойн хөнөөлт шавжтай механик аргаар тэмцэх ажлыг Их-Уул сумын ойн санд 1000 га талбайд хийсэн байна. Ойн хөнөөлт шавжийн биологи-экологийн онцлогийг тодорхойлох суурин судалгааны 35 цэгт судалгааны ажлыг ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хийгээд буй юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Завхан аймаг дэмжиж, үр дүнтэй хэрэгжүүлж байна. Учир нь тус аймаг 2021 оноос эхлэн өөрийн аймагтаа тарьц суулгацыг тариалах, модыг үрээр үржүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж буй чухал ажлын нэг нь ойжуулалт юм.


Ой мод нь гол мөрний усны нөөц, урсацыг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх. Мөнх цэвдгийг тогтоон барих, хүлэмжийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах. Амьтан ургамал, бичил биетийн амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх зэрэг экологийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин нь ой мод байдаг ч тэдний гэр болсон ой мод устсаны улмаас жилд 10,000-100,000 зүйлийн ургамал, амьтан устаж үгүй болж байгааг мэргэжилтнүүд сануулж байна.


Завхан аймаг, 2022 онд ойгоос 72881 м.куб мод бэлтгэх дээд хязгаарыг баталсан. 

Үйлдвэрлэлийн огтлолтоор 80.8 м.куб, арчилгааны огтлолтоор 189 м.куб, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 12 м.куб модыг ойгоос бэлтгэжээ. Мөн ойн цэвэрлэгээний огтлолтоор 14699 м.куб, цэвэрлэгээний ажлаар 44613 м.куб, нийт 59594.1 м.куб модыг бэлтгэж 254020.4 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Харин 37368 м.куб түлээний модыг ойгоос бэлтгэсэн байна. 



Тиймээс ойжуулалтын ажлыг жил бүр үр дүнтэй зохион байгуулж, шинээр тарьж ургуулж байгаа модны амьдралтын хувийг нэмэх, арчилгаа тордолгоог хийх нь чухал юм.


Завхан аймгийн хувьд ойжуулалтын ажил болон “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад олон мод тарих нь чухал биш. Харин жил бүр шинээр тарьж байгаа модыг арчилж ургуулах нь чухал гэдгийг зөвлөж байна. 


Нэг ширхэг мод ургахын тулд 50-60 жил шаардлагатай байдаг. Гэхдээ арчилгаа тордолгоо сайн байвал мод маш хурдан ургах боломжтой. Нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч буюу хоёр хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг. Харамсалтай нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж ойн хомсдол бий болж байгаа.

Өнөөдөр дэлхий дээр нийт 3.04 их наяд мод байгаа ч жил бүр 15 тэрбум мод устаж үгүй болсоор байгаа юм. Энэ хэвээр байвал манай дэлхий ердөө 200 жилийн дотор ямар ч модгүй болох тооцоо байна.

Хэрэв дэлхий дээрх бүх мод устаж үгүй болбол амьд амьтдын амьдрал цаашид оршин тогтнох боломжгүйд хүрч болзошгүй юм. Учир нь хүчилтөрөгчгүйгээр хүн амьсгалах боломжгүй. Харин мод, ургамал нь агаар бохирдуулагч нүүрсхүчлийн хийг агаараас өөртөө хамгийн ихээр шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулснаар бидний амьсгалыг тэтгэдэг дэлхийн уушги, байгалийн эмч юм. Тиймээс бид модыг хайрлах хэрэгтэй. Модноос гаргаж авдаг бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгахыг хичээх хэрэгтэй. Жил бүр, хүн бүр мод тарих хэрэгтэй.

Бид яагаад модыг хайрлан хамгаалах ёстой вэ?

-Мод нь агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгчийг үйлдвэрлэгч

-Агаарын бохирдлыг бууруулагч чухал цэвэрлэх байгууламж

-Дэлхийн дулаарлын явцыг сааруулагч

-Дуу чимээний 25 хувийг өөртөө шингээдэг

-Тоос шороог 21-78 хувь хүртэл өөртөө барьдаг

-Амьтдын амьдрах орчин

-Экологийн тэнцвэрт байдлыг хангагч чухал эх үүсвэр

-Усыг жигд барьж хуваарилах зэрэг хүнд төдийгүй байгаль дэлхийд үнэлж баршгүй их ач холбогдолтой. Тиймээс байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч ой модыг хамгаалж, энгийн хэрнээ байгаль дэлхийд оруулж буй үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болсон  мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг аймгийн БОАЖГ-аас уриалж байна.


Завхан аймаг улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр, 50 га газарт ойжуулалтын ажлыг хийсэн. Харин ойн төгөл, ойн зурвасыг 9 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 27 га талбайд хийсэн байна. Тосонцэнгэл суманд ойжуулалтын ажлыг хийж, намрын тарилтаар шинэсний 125000 ширхэг тарьц суулгаснаас хяналтын тооллогоор 11250 ширхэг тарьц тоологдож, ойжуулалтын ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй хийжээ.


Завхан аймгийн ойн сангийн нөөц орших, Идэр, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа 35 ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр, ойжуулалтын ажлаар нийт 13038 ширхэг мод бут тарьсан гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.  


НҮБ-аас ойн сан хөмрөгөө хайрлан хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүрийн энэ өдрийг ойн өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс энэ өдрийг 2015 оноос эхлэн тэмдэглэж байна. Энэ жил Дэлхийн ойн өдрийг олон улсад “Эх дэлхий тогтвортой хэрэглээ” уриан дор, “Ойн тогтвортой үйлдвэрлэл-хэрэглээ” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.


 

Холбоотой мэдээ