Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-24 11:13:49

ТОКИО. /Kyodo/. Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны сайд Квон Ён Се нар БНАСАУ-аас учрах пуужингийн болон цөмийн аюул заналтай тэмцэхэд нягт хамтран ажиллахаар тохиролцов.


Токио хотноо пүрэв гарагт болсон хэлэлцээний үеэр Х.Ёшимаса, Квон Ён Се нар БНАСАУ-ын удаа дараалан явуулж буй пуужингийн туршилтууд нь бүс нутгийн аюулгүй байдалд “ноцтой аюул занал” учруулж байгаа талаар санал бодлоо солилцжээ. Квон Ён Се нь Японд 2005 оноос хойш айлчилсан БНСУ-ын анхны Үндэстнээ нэгтгэх яамны сайд болжээ.


Пёньянтай холбоотой асуудлуудыг хариуцдаг Квон Ён Се нь Японд бямба гараг хүртэл дөрвөн өдрийн айлчлал хийнэ. Энэ сарын эхээр БНСУ дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хоёр талын маргааныг шийдвэрлэх саналаа танилцуулснаас хойш Токио, Сөүлийн харилцаа сайжраад байгаа юм.


Х.Ёшимаса мөн Квон Ён Сегээс 1970, 1980-аад оны үед БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн шийдэгдээгүй байгаа асуудлыг ойлгож, хамтран ажиллахыг хүссэн байна. Үүний хариуд Квон Ён Се энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэж Гадаад хэргийн яам мэдээлжээ.


Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар Токио хотноо өнгөрсөн пүрэв гарагт дээд хэмжээний уулзалт хийсний дараа Квон Ён Се Японд айлчилж буй юм. Юн Сог Ёлийн хувьд Японд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд айлчилсан БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болсон билээ.


Хэвлэлийнхэнд хэсэгчилсэн нээлттэй байдлаар хийсэн уулзалтын үеэр Квон Ён Се лхагва гарагт “World Baseball Classic” тэмцээний аваргаар гурав дахь удаагаа шалгарсан Японд баяр хүргэжээ. 

Холбоотой мэдээ