Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-24 12:31:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Шинэ Делид болж буй Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий долоо дахь өдөр 2021, 2022 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг 48 кг-ын жингийн хагас шигшээ тоглолтод Узбекистаны Фарзона Фозиловатай тоглож, 5:0-ээр хүрэл медалийн болзол хангаад байсан.

 

Харин медалийн өнгөө өөрчлөх тулааныг Мароккогийн 25 настай боксчин Ясмин Моуттакетэй хийж, 5:0-ээр ялалт байгуулснаар финалд шалгарлаа.

Тэрбээр маргааш Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө.

 

Өдгөө 28 настай тэрбээр ийнхүү ДАШТ-д тав дахь оролдлогоороо дэлхийн медальтан болоод байна.  

 

Харин 54 кг-ын жинд хүч үзсэн, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ М.Энхжаргал мөнгөн медалийн төлөө тоглолтод “Токио-2020” олимпын наадамд оролцож байсан Колумбын 32 настай туршлагатай тамирчин Ариас Кастанеда Йени Марселад 1:4-өөр ялагдаж, хүрэл медалийн эзэн боллоо.

Анх удаа дэлхийн шилдгүүдтэй нүүр тулсан тэрбээр Шинэ Делигийн рингэнд 4 ялалт авч хүрэл медаль хүртсэн юм.

 

Ер нь Шинэ Делигийн ринг Монголын эмэгтэй боксчдод ээлтэй байдаг. Учир нь 2018 онд гавьяат тамирчин М.Нандинцэцэг анхны хүрэл медалийг Шинэ Делигээс эх орондоо авчирч байсан юм.

Холбоотой мэдээ