Хятад, Хондурас улс дипломат харилцаа тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-27 10:47:05

БЭЭЖИН. /Xinhua/. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Хондурас Улс дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд Бээжин хотноо ням гарагт гарын үсэг зурлаа.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган, Хондурасын Гадаад хэргийн сайд Эдуардо Рейна нар хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэлд гарын үсэг зурав.


Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Хондурас Улс нь хоёр ард түмний ашиг сонирхол, хүсэл зоригт нийцүүлэн харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч, Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү мэдэгдэлд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.


Мөн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхийг хоёр улсын Засгийн газар зөвшөөрч байгааг онцолсон байна.


Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Бүгд Найрамдах Хондурас Улсын Засгийн газар дэлхий дээр зөвхөн ганц Хятад улс байдгийг хүлээн зөвшөөрч, БНХАУ-ын Засгийн газар нь бүх Хятадыг төлөөлж буй хууль ёсны цорын ганц Засгийн газар, харин Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.


Бүгд Найрамдах Хондурас Улсын Засгийн газар энэ өдрөөс эхлэн Тайваньтай “дипломат харилцаагаа” тасалж, цаашид Тайваньтай албан ёсны харилцаа өрнүүлэхгүй байх үүрэг хүлээв. Бүгд Найрамдах Хондурас Улсын Засгийн газрын энэхүү байр суурийг БНХАУ-ын Засгийн газар сайшааж байна хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ