Япон улсад суралцах 12 оюутан батламжаа гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-27 15:19:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан болон магистрын хөтөлбөрт хамрагдаж, Япон Улсад суралцах болзол хангасан 12 оюутанд батламж гардууллаа.


Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны ажлыг 2014 оноос 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Япон Улсад суралцах батламжаа гардан авч буй төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 3, магистрын хөтөлбөрийн 1, докторын хөтөлбөрийн 6, судлаач оюутан 2, нийт 12 оюутан Япон Улсад инженер технологийн чиглэлээр суралцаж төгсөөд, эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллах юм.

Төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр нь ШУТИС-ийн Бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанарыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын орчныг сайжруулах, инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой бөгөөд тус хөтөлбөрт нийтдээ 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс 292 оюутан хамрагдаж, 91.2 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ШУТИС-д 2 жил суралцаад, Япон Улсын Консорциумын 10 их сургуульд 3-р дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр суралцаж, хос дипломтой төгсдөг онцлогтой. Төсөл нэг жилээр сунгагдсантай холбогдуулан сүүлийн элсэлтийн оюутнуудад дахин шалгалт өгөх боломжтой болсноор дээрх 3 оюутан шилжин суралцах эрхээ аваад байна.  

Батламж гардуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Kобаяши Хироюки, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон эцэг эхийн төлөөлөл оролцож, оюутнууддаа цаашдынх нь сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсэв.

ШУТИС-ийн Барилгын инженерийн IV курсийн оюутан Б.Батбилэг,Нагаока их сургуулийн хамтарсан бакалаврын хөтөлбөрт математик, физик, химийн хичээлээр шалгалт өгч тэнцээд байна. Нагаока их сургуулиас хүмүүс ирж ярилцлага авсны дараа тэнцсэн гэсэн хариугаа 12 дугаар сард авсан. Миний хувьд 12 дугаар ангид сурч байхдаа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн талаар мэдээлэлтэй болж, шалгалтад орж, ЭЕШ-ын босго оноог давсан. Японд 2 жил суралцаад, Монголдоо ирж ажиллан, туршлага хуримтлуулахыг зорьж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай хэлэхдээ, “Энэхүү төслийн бакалавр, магистр, доктор, "Коосэн" хөтөлбөрт нийт 888 оюутан хамрагдаад байна. Үүнээс 756 нь төгсөж ирээд, Монголдоо мэргэжлийн дагуу ажиллаж байгаа. Үүний 520 нь сургууль төгссөн оюутан, 480 нь судлаач, багш буюу ажлын байртай хүн хамрагддаг учраас 520 ажлын байрны асуудал яригддаг. Үүнээс өнөөдрийн байдлаар 360 оюутан төгссөнөөс бүгд ажлын байртай байна. Энэ өдрүүдэд тавдугаар ээлжийн нийт 150 оюутан ирж байгаа. Одоогоор 9 оюутан ажлын байрны сонголтоо хийж байна. Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид Тавантолгой, Оюутолгой гэхчлэн Монголын томоохон компаниудад ажиллаж байна. Ажилд орсон тушаал, цалин, нийгмийн даатгалын судалгаагаар, манай оюутнууд бүгд ажлын байртай, хамгийн доод тал нь 2 саяас дээш төгрөгийн цалин авдаг юм байна. Тиймээс томоохон компаниуд манай төгсөгчдийг ажилд авах сонирхолтой нь ажиглагдаж байна” гэв.


Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 48 оюутан Япон Улсад суралцаж байгаа бөгөөд 240 оюутан сургуулиа амжилттай төгсөж, эх орондоо ирж, мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна.

Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2023 оны байдлаар, нийт 888 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 88.8 хувийг эзэлж байна. 





Холбоотой мэдээ