“Lady Entrepreneur”: “Ханбогд кашимер” Италийн самнасан ноолуурын 90 хувийг дангаар хангаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засаг, бизнесийн салбарт хувь нэмрээ оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Lady Entrepreneur” шагнал гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-д болж байна. Энэ жил “Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал” форумыг мөн энэ үеэр зохион байгуулж байна. Үүгээрээ “Lady Entrepreneur-2023” онцлог болж буйг МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан онцоллоо. Шилдэг эмэгтэй бизнес эрхлэгчдийг 15 номинацаар шалгаруулснаас:
ЖДҮ эрхлэгч энтрепренёрээр
“Цайдам Трейд”, үйлчилгээний энтрепренёрээр “Да Хүрээ Трейд”, гарааны бизнес
эрхлэгчээр “Тулга төхөөрөмж”, байгальд ээлтэй үйлчилгээ эрхлэгчээр “Жамоторабэрү”,
дэвшилтэт техник, технологи ноу-хау нэвтрүүлэгчээр “Барловорлд Монголиа”,
компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгчээр Монголын Барилгын Үндэсний
ассоциац ТББ шалгарлаа.
Мөн импортыг орлох
бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Хараа сүмбэр”, “Ой партнерс”, импортлогч энтрепренёрээр
“Эрдэнэзоо Транс”, “Нано Интернэйшнл”, хөрөнгө оруулагч энтрепренёрээр “Ашид
Бэхи”, “Техник импорт”, экспортлогч энтрепренёрээр “Ханбогд кашимер”, үндэсний
үйлдвэрлэгч энтрепренёрээр “Грийн групп” компанийн захирал хатагтай нар
шалгарлаа. Шилдэг эмэгтэй бизнес эрхлэгчдийн санал, сэтгэгдлийг хүргэж байна.
“Lady Entrepreneur”-ийн Гран при шагналт, “Тэсо” группийн гүйцэтгэх захирал С.Болор, “Lady Entrepreneur” нь эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг дахь оролцооны түвшинг сайжруулах нэг үйл ажиллагаа хэмээн хүлээн авч байгаа. “Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал” хэлэлцүүлгээр жендэрийн асуудлыг хөндөж байна. Ингэж чухалчилж ярьж буй нь тодорхой хэмжээнд нийгмийн ялгаатай байдал байна гэсэн цөөнхийн илэрхийлэл юм.
Гол нь яагаад ийм нөхцөл
байдал үүсэж байна вэ гэхээр, эмэгтэйчүүд магадгүй ахуйн ачааллыг эрэгтэйчүүдээс
илүү хүлээдэг. Ийм учир бизнесийн өрсөлдөөний талбарт ижил гарааны нөхцөлөөс
гарах боломж нь хязгаарлагдмал байдаг. Ахуйн ачааллыг бууруулахын тулд
цэцэрлэг, сургуулийн хангамж сайтай, ажил дээрээ 100 хувь ажиллах
боломж нөхцөлтэй байж эрэгтэй, эмэгтэй байхаас үл хамааран бизнесийн өрсөлдөөн жам ёсны зарчмаар явах нь зөв юм. Манай группийн хувьд сүү нийлүүлэгч
болон малчин эмэгтэйчүүдээс эхлээд бизнесийн үйл явц бүрд бүх хүний оролцоог ижил
тэгш ханган хөгжих замаар хамтын үнэ цэнээр ажилладаг.
“Ханбогд кашимер” ХХК Итали улсын импортоор авч буй самнасан ноолуурын 90 хувийг экспортлон дангаар хангаж байна.
Экспортлогч энтрепренёрээр
шалгарсан “Ханбогд кашимер” ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат
ажилчин Ч.Ганцэцэг, манайх өнгөрсөн онд Америк, Англи, Итали, Герман, БНСУ,
Энэтхэг, Япон зэрэг дэлхийн 10-аад оронд самнасан ноолуур болон сүлжмэл
бүтээгдэхүүн нийлүүлж, нийт 70 сая ам.долларын экспорт хийгээд байна. Экспорт жил
бүр нэмэгдэж байна. Бүтээгдэхүүнийхээ чанар, загвар, үйлдвэрлэлийн техник,
технологио мөн жил бүр шинэчилж байгаа. Монгол ноолуур дэлхийд өрсөлдөхүйц нэр
хүндтэй байж, олон улсын зах зээлд гол тоглогч болохын төлөө ажиллаж байна.
Энд тогтвортой хөгжлийн
болон үйлдвэрлэлийн үзэл баримтлал болсон бараа, бүтээгдэхүүний гарал үүсэл нь
ил тод, тодорхой байдаг, түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх мөшгих
тогтолцоо гол хөшүүрэг болж, дэлхийн брэндүүдийн нийлүүлэлтийг хангаж байна
гэв. Эднийх 550 гаруй ажилчинтай, 90 хувь нь эмэгтэйчүүд ажилладаг, мөн
бүтээгдэхүүнийхээ 90 хувийг экспортолдог онцлогтой бөгөөд Итали улсын импортолж
буй самнасан ноолуурын 90 хувийг хангаж байна.
“Lady Entrepreneur” үйл ажиллагаанд орон нутаг болон бизнесийн
салбар бүрийн төлөөлөл 200 гаруй эмэгтэй оролцож байна.