Спортын ертөнцөд монголчууд шуугиулсан долоо хоног
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт
дотоод, гадаад ертөнц тэр чигээрээ спортоор, тэр дундаа монголчуудаар амьсгалж
өнгөрсөн гэхэд нэг их дэгс болохгүй.
Гүржийн жүдогийн
"Тбилиси~2023" Их дуулга тэмцээнд цоо шинэ залуу Б.Эрдэнэбаяр өрсөлдөгч
бүрээ буулган авснаар алтан медаль хүртэж, Батуми хотод нь ширэн бөмбөгтнүүд Гүржийн
багтай анхны нөхөрсөг тоглолт хийж, эхний
үед ана мана үзэж, 1:1 өндөрлөсөн ч, сүүлдээ таван гоол алдаж, 1:6-аар хожигдон
нэлээд туршлага хуримтлуулж чадсан бол, Энэтхэгийн Дели хотод болсон ДАШТ-д эмэгтэй
боксчин Л.Алтанцэцэг 4 ялж, дэлхийн анхны мөнгийг хүзүүндээ зүүж, Улаанбаатарын "Мөсөн өргөө"-нд хоккейчид маань өгөө аваатай үзэлцсээр Филиппиний багт 6:7 цаг
сунган хожигдож, аваргын болзлоо алдан мөнгөн цом хүртэж, сүмогийн дээд
зиндаанд Дорнод аймгийн уугуул, Мичинокү дэвжээний суугуул Б.Лхагвасүрэн
Кирибаяма анх удаагаа түрүүлсэн дуулиант долоо хоног байлаа.
Бокс
“Аврагч” спорт хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэг Энэтхэгийн Дели хотноо зохиогдсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, эмэгтэй боксчдын түүхэн дэх оргил амжилтын эзэн боллоо. Тэрбээр тав дахь удаагаа ДАШТ-д оролцож байж, 29 насандаа мөнгөн медаль хүртсэн нь энэ.
Манай тамирчин энэ
тэмцээнд тун одтой тоглож, нэгийн даваанаас Франц, БНХАУ, Узбекистан,
Мароккогийн тамирчдыг дараалан 5:0-ээр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр
шалгарсан. Алтан медалийн төлөө тэрбээр эзэн орны боксчин, залуучуудын дэлхийн
хошой аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга Ниту Гангастай таарч, эн
тэнцүүхэн өрсөлдсөн ч гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд
ялалт өгсөн юм. Харин 54 кг-ын жинд М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн билээ. Монголын баг энэ удаагийн ДАШТ-ийг мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүллээ.
Жүдо
Тбилисийн "Их Дуулга" тэмцээнд оролцсон манай 16 жүдочоос тэмцээний хоёр дахь өдөр 23 настай залуу мастер Батзаяагийн Эрдэнэбаяр 73 кг-ын жинд шуугиулсаар анхны түрүүгээ хүртсэн бол "Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Алматы-2022" Азийн аварга, үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ё.Басхүү Тбилисийн татамид мөнгөн медалийн эзэн болсон. Энэ нь Ё.Басхүүгийн "Их Дуулга"-ын 10 дахь медаль болсон юм. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) ОУХМ Ё.Басхүүгийн хагас шигшээд Украины Богдан Ядовыг шахаж татах мэхээр цэвэр ялсан барилдааныг онцолсон нь ямар жүдоч болохынх нь үнэлэмж биз ээ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн чансааны 9-д эрэмбэтэй ОУХМ Г.Наранцэцэг Монголын жүдочдын хамгийн анхны хүрэл медалийг авчирсан бөгөөд хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Франческа Миланитай хүч үзэж, үндсэн цаг дуусахад 58 секунд дутуу байхад үүрэх мэхээр цэвэр ялснаар "Их Дуулга" ангиллаас 5 дахь (1 алт+1 мөнгө+3 хүрэл) медалиа зүүсэн юм.
Тэмцээний сүүлийн өдөр барилдсан үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү Тбилисийн "Их дуулга"-аас Монголын жүдочид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо.
Сүмо
Японы мэргэжлийн сүмогийн Харү башёд сэкивакэ цолтой анхны тэмцээндээ зодоглосон монгол сүмоч Кирибияма Б.Лхагвасүрэн сүүлийн өдөр комүсүби Дайэйшог унагаснаар нэмэлт барилдаан гарсан. Улмаар нэмэлт барилдаанд түүнийг дахин давснаар шинэ цолоо мялааж, 12 даваа, 3 унаатай "Эзэн хааны цом"-ыг анх удаагаа гардсан юм. Сүмогийн зургаан зиндааны гуравт нь монгол залуус тэргүүлсэн, монголчуудад ээлтэй башё болж өнгөрлөө.
Хөлбөмбөг
Батумид болсон тоглолт бол Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багийн эсрэг хийж байгаа тоглолт байлаа. Дэлхийн чансааны 78-д бичигддэг, ихэнх тоглогч нь гадаадын багуудад тоглодог Гүржийн багт манайхан 1:6-ээр ялагдсан. Гэхдээ манай залуус тун сайн тоглосныг тэмдэглэх хэрэгтэй. Эхний үед эн тэнцүү үзэлцсэнийг л дурдахад хангалттай.
Хүчирхэг Гүржийн багийг сандаргаж чадна гэдэг шигшээ багт тун өгөөжтэй тоглолт боллоо гэсэн үг. Япон, Гүрж зэрэг хөлбөмбөгийн томчуудтай “хөл зөрүүлээд” авна гэдэг манай залуусын хувьд том туршлага юм.
Манай багийн оруулсан гоол
бол үнэхээр шилдэг гоол байлаа. Багийн ойлголцол, хувь тоглогчдын ур чадвар
гарсан Б.Балжиннямын гоол шигшээ багийн түүхэнд үлдэж байна.