ЗАВХАН: Өвөл, зуны температурын хэлбэлзэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-29 15:58:51

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутгаар сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын температур 2.04 0C-аар дулаарсан байна.

Тодруулбал, өвлийн улирлын температур 2.890C, зуны улирлын температур 1.39 0C-аар дулаарчээ. Ялангуяа Идэр, Тэсийн голын сав нутгаар дулааралт эрчимтэй явагдаж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Дулааралт эрчимтэй явагдаж байгаа нутгаар өвөл, зуны температурын өөрчлөлт ерөнхийдөө ойролцоо байна. Тухайлбал, Тосонцэнгэл өртөөнд өвлийн температурын өөрчлөлт 2.600C, зуных 2.360C,  Дөрвөлжинд өвлийнх 1.480C, зуных 1.640C байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой температурын огцом өөрчлөлт бий болж байна.


Агаарын температур нь аливаа нутгийн уур амьсгалын үндсэн шинжийг илтгэгч гол үзүүлэлт болдог.

Завхан аймгийн нийт нутаг хотгор гүдгэрийн ялгаа ихтэй учраас өвөл, зуны температурын хэлбэлзэл ихтэй байдаг. Олон жилийн агаарын температур 0,7 градусаас хасах 6,9 градус хэлбэлзэнэ.


Өөрөөр хэлбэл жилийн дундаж температурын агууриг 7,6 градус болж байна. Жилийн дундаж агаарын температур аймгийн нутгийн баруун, баруун өмнөөс зүүн, зүүн хойшоо хүйтэрсэн тархалттай байна.

Жилийн хүйтэн сар нь аль ч нутагтаа нэгдүгээр сар байх бөгөөд аймгийн хойд болон зүүн хэсгээр сарын дундаж  температур 28-32 градус хүрч, хахир хүйтэн өвөл болдог. Зарим хүйтэн өвөл Хангайн нуруу, Тарвагтай, Булнай, Тагнын нурууны сав нутгаар 49-56 градус хүрч хүйтэрдэг.




Харин жилийн дулаан сар нь 7 дугаар сар байх бөгөөд хамгийн дулаан нь Завхан голын дагуу Монгол элсний ар орчим болон Их нуурын хотгорын сав орчмоор 17-21 градус бусад нутгаар 14-18 градус дулаан байна. Зуны улиралд хөрсний гадаргад 54-68 градус хүртэл халдаг учраас хөрсний гадаргын температурын хэлбэлзэл бүр ч их байна.

Ер нь Уур амьсгалын тодорхойлолтыг заавал тэдэн жилд нэг удаа хийнэ гэсэн зүйл байхгүй. Манай байгууллагаас 10, 5 жилийн давтамжтай гаргаж байгаа. Уур амьсгалын тодорхойлолтыг гаргаснаар хөдөө аж ахуйд гарах нөлөөллүүд, байгаль цаг уурын өөрчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх. Тухайн сар, өдрийн цаг агаарын мэдээллийг гаргахад чухал баримт, судалгаа болдог гэж аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ