ДУНДГОВЬ: "Монгол бахархал-Өв соёл" өдөрлөгт уншигч хүүхдүүд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-29 17:09:13
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан, аймгийн Музейтэй хамтран уншигч хүүхдүүдийн дунд  "Монгол бахархал-Өв соёл" өдөрлөг зохион байгуулав.

Энэхүү үйл ажиллагаа нь монгол үндэсний тоглоом наадгай, аман цэц билгийн өв уламжлалыг таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах зорилготой юм.


Монголын ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадгай зүй ёсоор ордог. Монгол ардын тоглоом наадгай нь олон төрөлтэй бөгөөд түүнд шагайн тоглоом, хөлөгт тоглоом, оньсон тоглоом, аман наадам, уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, өрөгт тоглоом, хуруу гараар наадах наадгай, тооцоолох наадгай, эвхэх, хайчлах наадгай зэрэг олон төрлийн арвин баялаг тоглоом наадгай багтдаг.

Тоглоом нь оюун ухаан сэтгэн бодох, дүрслэн урлах чадвар, IQ-г хөгжүүлэх, бага насны хүүхдийн хичээл сургалтыг сонирхолтой хөгжилтэй болгодог ач холбогдолтой.


Бага ангийн уншигч хүүхдүүд ном уншихаар ирэхдээ удаан цагаар тогтвортой сууж чаддаггүйг номын санчид хэлдэг. Тиймээс тэднийг аман наадгай, үг, оньсого таалцах, үг бүтээх зэргээр хөгжүүлбэл үр дүнтэй байдаг байна.

Өдөрлөгийн үеэр оролцогчдод монгол гэрийн үүсэл, онцлог, уламжлалын тухай болон шагайн наадгайн төрлүүд, тоглох арга, ёс уламжлалыг таниулж, шагайн наадгайтай холбоотой хэлц үг, зүйр цэцэн үг хэлэлцэж, оньсого таалцсан байна.

Шагайн наадгайгаар тоглох нь бага насны хүүхдэд 5 хошуу малаа хайрлах, эцэг эх, ах дүүгээ хүндэтгэх, анд найзаа эрхэмлэх зэрэг олон үнэт чанарыг ойлгуулахын зэрэгцээ хүүхдийн хүмүүжил төлөвшил, бие бялдар, булчин эдийн хөгжилд нэн тустай аж.

Ялангуяа бага насны хүүхдийн тоо тоолох, харааг хурцлах, гарын жижиг булчин зэргийг хөгжүүлэх нөлөөтэйгээс гадна багаар ажиллах, хүлээцтэй болох, ангилан ялгах, ажиглаж мэдэх, авхаалж самбааг нэмэгдүүлэх хүмүүжлийн арга хэрэгсэл болсоор иржээ.

Өдөрлөгт оролцсон хүүхдүүд морь уралдуулах, шагай таалцах, бөгцөг няслах, шагай шүүрэх, дүрс бүтээх зэрэг тоглоомоор тоглож, тойрон бүжиг хийн нааджээ. 





Холбоотой мэдээ