ДОРНОД: Ойн сан бүхий нутагт нарс, хус, бургас мод голлон ургадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-30 11:51:09

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймаг нийт 124 мянган км.кв нутаг дэвсгэртэй. Үүний 1,9 хувийг ойн сан бүхий газар нутаг эзэлдэг. Энэхүү ойн сан бүхий нутагт нарс, хус, бургас мод голлон ургадаг аж. Тодруулбал, хус 26 мянган га-д, нарс 22 мянган га-д, бургас 20 мянган га-д ургасан байдаг бол шинэс долоон мянган га-д, улиангар 620 га-д, улиас 102 га-д ургасан байдаг.

Нарс бол Монгол оронд байдаг таван зүйлийн шилмүүст моддын нэг бөгөөд дэлхийн сэрүүн бүсийн хамгийн урт насалдаг, хамгийн том мод юм. Монгол орны нутаг дэвсгэрийн дөнгөж найман хувийг нарс мод эзэлдэг байна. Харин хус мод нь чийглэг хөрсөнд, цаг уурын эрс тэс нөхцөлд зохицон ургадаг. Шилмүүст ойн огтолсон болон түймэрт шатсан газарт хурдан ургадаг онцлогтой. Хусны шүүсийг хүмүүс хаврын улиралд ядаргаа тайлан, үе мөчний өвчинд уудаг. Бургас бол гол усыг нар, салхинаас халхалж, хүн малын хөлөөс дайжуулж, эрэг ирмэгийнх нь хөрс газрыг элэгдэл эвдрэлээс хамгаалж, ус чийгийг нь барьдаг, байгаль хамгаалагч гэж мэргэжилтнүүд нэрлэдэг. 

Баян-Уул сумын газарт нутагт Дорнод аймгийн нийт ойн нөөцийн 70 гаруй хувь байдаг учраас өөрийн болон хөрш зэргэлдээ сумддаа мэдээлэл зөвлөгөө өгөх ойн анги ажиллаж байна. Харин Дорнод аймгийн Чойбалсан хот 200 орчим мянган модтой.  


Холбоотой мэдээ