Тереза эхийг гэгээнтнээр өргөмжлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2016-09-05 11:51:52

ВАТИКАН. /Xinhua/. Ядуурал, өлсгөлөнгийн улмаас зовж зүдэрч буй хүмүүст туслахын төлөө тууштай зүтгэж байсан Тереза эхийг Ромын Католик сүмийн гэгээнтнээр өргөмжиллөө.

Өнгөрсөн амралтын өдөр Ватиканы Гэгээн Петерийн талбайд болсон ёслолын үеэр Ромын пап Франциск түүнийг гэгээнтнээр өргөмжилсөн байна. Пап хэлэхдээ “хэл, соёл, арьсны өнгө болон шашин шүтлэгээс нь үл хамааран бүх хүнд ямар ч болзолгүйгээр хайр энэрлээ түгээх хэрэгтэй гэдгийг Тереза эх хүмүүст ойлгуулсан” гэжээ.

Уг ёслолд оролцохоор хэдэн мянган хүн цугласан тус талбайд Тереза эхийн асар том зургийг байрлуулсан байв.

Тереза эх 1910 онд одоогийн Македонид мэндэлсэн бөгөөд 18 настайдаа католик сүмийн цуглаанд явж эхэлж байжээ.  Энэтхэгийн ядууст тусалсан хүчин чармайлтыг нь  өндрөөр үнэлэн 1979 онд түүнд Нобелийн Энхтайвны шагнал олгосон билээ.

Гэгээнтэн гэдэг бол өөрийнхөө ажил амьдралыг бусдад тусалж, католик шашны сургаалийг айлдахад зориулсан хүмүүст олгодог католик сүмийн хамгийн дээд цол юм.

Хорт хавдартай энэтхэг эмэгтэй болон тархины хавдартай гэгдэж байсан бразил залууг Тереза эх эдгээж байжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ