ДУНДГОВЬ: "Хил хязгааргүй номын сан" төсөл бүх сумын номын санчдыг чадавхжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-30 16:39:55
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Номын сангийн холбоо хамтран хэрэгжүүлж буй орон нутгийн номын сангийн хөгжлийг дэмжих “Хил хязгааргүй номын сан” төслийн сургалт өнөөдөр Мандалговь хотноо болж байна. Тус сургалтад аймгийн 15 сумын 50 номын санч оролцож байна.

Энэхүү төсөл нь Австралийн Элчин сайдын яамны санхүүжилтээр 21 аймгийн нийтийн төв номын сангийн фондыг баяжуулж, номын санчдыг чадавхжуулах, улмаар технологийн дэвшлийг ашиглан цахим номын сангийн орчныг бүрдүүлэх суурийг тавих зорилготой юм.

Австрали улсын номын сангууд гэр бүлийн гишүүн бүрд хүрч, хэрэглэгч төвтэй, тэгш хүртээмжтэй, олон талт, чанартай үйлчилгээ үзүүлдгээрээ дэлхийд тэргүүлдэг.

“Хил хязгааргүй номын сан” төсөл нь тус улсын сайн туршлагаас дотооддоо нутагшуулах, дотоодын номын сангийн шилдэг туршлагыг салбарын хүрээнд дэлгэрүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа аж.

Тус төслийн хүрээнд 2022 онд Дундговь, Баян-Өлгий, Сэлэнгэ, Архангай аймгийн нийтийн төв номын сангийн ажилчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулан, техникийн туслалцаа үзүүлсэн бол энэ жилээс хүрээгээ тэлж, 21 аймгийг хамран үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд хөдөөгийн суманд ажилладаг номын санчдыг мөн оролцуулж буйгаараа онцлог юм.

Сургалтыг Монголын Номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, Австралийн Элчин сайдын яамны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Өрнөх, Тэрэлж боардинг сургуулийн захирал, МНСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн С.Цэндсайхан нар удирдан явуулж байна.

Түүнчлэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд номын сангийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар ийнхүү зохион байгуулж, үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол мэдээллийн шилдэг бүтээлүүдээр хүүхдийн номын фондыг баяжуулах ба Олон улсын жишиг номын сангийн менежментийн программыг монгол хэлээр хөрвүүлэн номын сангуудад нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлэх ажээ.


No description available.

Холбоотой мэдээ