ХЭНТИЙ: Био бие засах цэгийн асуудлыг орон нутгийн залуучууд шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-31 12:31:34
Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулсны 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан био бие засах газрын асуудлыг орон нутагтаа шийдвэрлэхээр болжээ.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, морины талбай, сур харвааны талбай зэрэг 20 байршилд хөрсний бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй, соруулдаг био бие засах цэг хийхээр төлөвлөсөн аж. Уг ажлыг орон нутгийн “Хөх сувдан сондор” ХХК гүйцэтгэхээр болсон бөгөөд нүх ухах ажлыг орон нутгийнхаа залуучуудтай хамтран хийхээр болжээ. Хийцийн хувьд төмөр рамтай, бетон суурьтай сэндвичин кабинтай байх бөгөөд зөөвөрлөн ашиглах боломжтойгоороо давуу талтай гэнэ.
Гүйцэтгэгч компанийн зүгээс ариун цэврийн байгууламжид нь шаардагдах материалаа захиалж маргаашаас ажлаа эхлүүлэх бол бохир соруулах кольцог орон нутагтаа хийж байна. Мөн өөрсдөө санаачилга гарган хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан стандартад нийцсэн бие засах цэгийг морь барианы газар, төв цэнгэлдэхэд суурилуулахаар болжээ.
Ташрамд, тус аймгийн удирдлагуудын зүгээс 100 жилийн ойн хүрээнд хийх тэмдэг, медаль хэвлэмэл материал, оёмол бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлийг аймагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс сонгож, мөнгөний эргэлтийг орон нутагтаа шингээх бодлого барин ажиллаж байна.
Холбоотой мэдээ